2024/12/18

Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах хэлэлцүүлэг боллоо

info@inder.mn
5 цаг 49 минутын өмнө

УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс (2024.12.17) “Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


УИХ-ын гишүүн, дээрх ажлын хэсгийн ахлагч А.Ундраа хэлэлцүүлгийг нээж “Дотоод орчны агаарын чанарын талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хүний нөөц, олон нийтэд шаардлагатай мэдээллийг хүргэх, төсвийн хөрөнгө оруулалтын талаар богино болон дунд хугацаанд анхаарах асуудлын чиглэлээр салбар хоорондын уялдааг хангах зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд, мэргэжилтнүүд оролцож байна” хэмээгээд амжилт хүслээ.


“Барилгын дотор орчны агаарын чанарын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав. ДЭМБ-ын судалгаагаар хүн ихэнх цагаа дотор өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор дотоод орчны агаарын чанар амьсгалын замын болон зүрх, судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн олон асуудлын шалтгаан болдог гэлээ. Барилгын ажлын үе шат бүрийг хянах шаардлагатай байдаг бөгөөд салбарын яамнаас одоо мөрдөгдөж буй норм, дүрэм, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, тэдгээрийг барилгын зураг төсөлд тусгах, барилгын материалууд дахь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисын агууламж, ялгаралтыг лабораторийн шинжилгээгээр хянах нөхцөл бүрдүүлэх, импортын барилгын материалд тавих гаалийн хяналтыг сайжруулах чиглэлээр анхааран ажиллаж байгаа гэв. Сайдын тушаалаар барилгын дотор орчны агаарын чанарт нөлөөлж буй барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021 онд байгуулан, ажиллаж байгаа аж. Тус ажлын хэсэг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн орчинд хэрэглэж буй будгийн чанарт шинжилгээ хийж, эрүүл ахуйн дүгнэлт гаргасныг Ж.Батсуурь сайд танилцуулав. Нийт барилгын материалын 60 гаруй хувийг импортоор авч байгаа бөгөөд үүний 95 орчим хувь нь Замын-Үүд боомтоор нэвтэрдэг аж. Иймд шаардлагатай цэгүүдэд хяналтын лаборатори байгуулах зорилтыг холбогдох баримт бичгүүдэд тусган, хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 2023 онд Замын-Үүд хилийн боомтод барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулжээ. 8 төрлийн иж бүрэн лаборатори ажиллах бөгөөд будаг, химийн бодисын лаборатори ашиглалтад ороход бэлэн болоод байгаа гэлээ. Мөн Алтанбулаг хилийн боомтод энэ төрлийн лаборатори байгуулахаар ажиллаж байгаа юм байна.


Боловсрол, эрүүл мэнд барилгад эрүүл ахуйн шаардлага хангасан тосон болон усан суурьтай будаг ашиглах, түүнд хяналт тавих, хүлээж авах үйл ажиллагааны журмыг салбарын яамнаас санаачлан боловсруулж, Барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар батлуулж, мөрдөж байгаа гэлээ. Энэхүү журмыг боловсруулах хүрээнд хийсэн туршилтаар боловсролын байгууллагын засвар, үйлчилгээг 9 дүгээр сарын 1-ээс 30 хоногийн өмнө дуусгах шаардлагатай гэдгийг тогтоосон байна. Мөн хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулан, энэ дагуу шаардлагатай арга хэмжээг авсан гэв. Үргэлжлүүлэн тэрбээр хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц нар сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, панелист Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан, Монголын ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, “Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх нартай оролцогчид санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Байгаль орчны салбарт хэрэгжиж буй бодлого, төсөл хөтөлбөр” сэдэвт илтгэл танилцуулав. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх үйл ажиллагаанд мэргэжлийн холбоодыг өргөнөөр татаж оролцуулах шаардлагын талаар тэрбээр хэлсэн. Төрөөс дотоод орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тал бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч норм, стандартууд нь зөрүүтэй байгаа талаар дурдсан. Иймээс нэгтгэж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Агаарын чанарын хяналтын автомат харуул суурилуулах, улсын нэгдсэн сүлжээний чадавхыг бэхжүүлэх төслийн талаар, сургуулийн орчинд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хийж буй туршилтууд, тэдгээрийн үр дүнгийн талаар танилцуулсан. Дотоод орчны чанар нь гадаад орчны агаарын чанартай шууд хамааралтай учраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах саналаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсэн байна. Мөн байгальд ээлтэй ногоон технологийг төвлөрүүлсэн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх санаачилга, боловсролын байгууллагын дотоод орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Барилга байгуулламжийг ашиглалт оруулах комиссын барилгын комиссын үйл ажиллагааны талаарх саналаа хэлсэн. Нийтээр байгальд ээлтэй технологиудыг нэвтрүүлэх чиглэлд санаачилгатай ажиллах, Засгийн газрын түвшинд буюу бүх яам нягт уялдаатай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг саналыг илтгэлийнхээ хүрээнд дэвшүүлсэн.


“Байгаль орчны салбарт хэрэгжиж буй бодлого, төсөл хөтөлбөр” сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлж, панелист Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлт судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойханд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг, "People In Need" олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Б.Мөнгөнхишиг нартай оролцогчид санал солилцсон.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын салбарт хэрэгжиж буй бодлого, төсөл хөтөлбөр” сэдэвт илтгэлийнхээ эхэнд хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 65 их дээд сургуульд 150282 оюутан суралцаж, 11403 багш, ажилтан ажиллаж байгаа юм байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын 70 байгууллагад 40906 оюутан сурагч суралцаж, 3878 багш, ажилтан ажиллаж байгаа гэв. Ерөнхий боловсролын 885 сургуульд 797905 сурагч суралцаж байгаа бол 61016 багш, ажилтан ажиллаж байгаа аж. 1407 цэцэрлэгт 264818 хүүхэд хамрагдаж, 35339 багш, ажилтан ажиллаж байгаа талаар П.Наранбаяр сайд танилцуулаад сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдолд гадаад орчны бохирдол, анги дүүргэлт буюу нэг анги танхим дахь хүүхдийн тоо, барилгын хийц материал, анги танхимын агааржуулалт, улирлын шинж чанар зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг илтгэлдээ дурдав.


Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын анги танхимын дотоод орчны агаарын чанарыг үнэлэх 2022 оны судалгаанд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сургуулиуд хамрагджээ. Энэхүү судалгааны үр дүнгээс тэрбээр илтгэлдээ танилцууллаа. Хотын төвийн сургуулийн анги танхимын дотоод орчинд нүүрсхүчлийн хийн агууламж өндөр, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сургуулиудад хэт өндөр гарчээ. Үүнд анги дүүргэлт шууд хамааралтай  гэдгийг тодотгов. Анги танхим дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ хаврын улиралд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.3 дахин их, агаарын хэм хэмжилт хийсэн анги танхимын 88.7 хувьд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, харьцангуй чийгшил 74 хувьтай гарсан байна.

Ачаалал ихтэй, төв замд ойр байрладаг зарим сургууль автомашины гаралтай агаарын бохирдолд илүү өртдөг байна. Ерөнхий боловсролын сургуулиудын барилгын 69 хувь нь 2000 оноос өмнө баригдсан буюу насжилт өндөртэй барилгад байрлаж байгаа гэлээ. Барилгын насжилт нь дотоод орчны тоосонд агуулагдах хүнд металлын хуримтлалыг нэмэгдүүлдэг байна. Үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулиудын орчны аюулгүй байдал, ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд ерөнхий боловсролын 882 сургууль өөрийн үнэлгээгээ хийсэн талаар дурдаж, энэ талаар дэлгэрэнгүй танилцуулав.


2024 оны 8, 9 дүгээр сард 635 сургууль, цэцэрлэгт хийсэн хяналт шалтгалт явуулсан бөгөөд П.Наранбаяр сайд тус хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлын талаар танилцуулав. Илтгэлийнхээ төгсгөлд цаашид боловсрол, сургалтын байгууллагын дотоод орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан.


Илтгэлийн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч А.Ундраа байр сууриа илэрхийлж, панелистаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа, БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх, УИХ-ын гишүүний зөвлөх, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг нар ажиллан оролцогчидтой санал солилцсон.

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөмөр “Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бодлого, төсөл хөтөлбөр” сэдэвт илтгэл танилцуулсан. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд салбарын яамнаас эрүүл мэндийн үзүүлэлтийг тодорхойлж, Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлыг тогтмол хянадаг байна. Халдварт бус өвчний нас баралт, зүрх судасны өвчлөл, хавдрын гаралтай нас баралтын тоо 30-70 насны хүмүүсийн дунд буурахгүй байгаа аж. Удаад нь дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс үүдэлтэй нас баралт буурахгүй байгаа гэв. Дэлхийн нийтээр 2023 онд гадаад орчны агаарын бохирдолтой холбоотой нас баралт 4.2 сая,  дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой нас баралт 3.2 сая байгаа талаарх тоон мэдээллийг танилцуулсан.

ДЭМБ-ын ерөнхий захирал “Эрүүл мэндийг эмнэлгээс хайх ёсгүй. Харин олон нийтийн дунд, гэртээ гудамжинд, сургууль, супермаркет, ажлын байр болон парламентаас хайх ёстой юм байна” хэмээн нийгмийн эрүүл мэнд, салбарын бодлогыг маш ойлгомжтой, товч, тодорхой томьёолсон талаар илтгэгч Л.Баттөмөр дурдав. Иргэдийн шаардаж байгаачлан эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой ч төсөвт багтаах шаардлагатай учир өвчтөнүүддээ анхаараад, нийгмийн эрүүл мэндийн асуудлаа орхигдуулдаг гэв. Үргэлжлүүлэн урьдчилан сэргийлэх үндсэн дөрвөн түвшин, тэдгээртэй агаарын чанарын асуудал хэрхэн холбогдож байгаа талаар тайлбарлав. Салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн үр нөлөө, хууль тогтоомжийн талаар мөн танилцууллаа. Хүний эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг тандан судлах маш олон судалгаа байдгийг тэрбээр илтгэлдээ дурдаад ураг болон бага насны хүүхдийн хатгалгаа өвчлөлийн дарамтыг нэмэгдүүлдэг талаарх судалгааг дурдсан. Мөн жирэмсний явцад агаар цэвэршүүлэгч хэрэглэж дотоод орчны PM 2.5 тоосонцрын агууламжийг багасгаснаар нярайн жин, өндөр нэмэгдэж байгаа талаарх судалгааг дурдав. Ихэнх судалгааг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд цаашид дотоодын судалгаа, шинжилгээний тогтолцоог чадавхжуулж, бэхжүүлэх шаардлагатай талаар хэлж байв.


Агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн асуудал бөгөөд салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд уялдаатай, цогц хариу арга хэмжээ авах асуудал хэмээлээ. Монгол Улсын агаарын чанарын стандартыг ДЭМБ-ын агаарын чанарын шинэчлэгдсэн удирдамжуудтай уялдуулах, орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах, дэгдэмхий органик нэгдлийн хэмжээг хянах чадавхыг улсын хэмжээнд сайжруулах, эх үүсвэрийг тогтоож, үүнд чиглэсэн хариу арга хэмжээг авах шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. 

Сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийлж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор С.Өнөрсайхан, АШУҮИС-ийн Уушги, харшил судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Маналжав, АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн багш, доктор Г.Жаргалсайхан нарын панелистууд оролцогчидтой санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүгээр УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан “Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлэг өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна