2024/05/17

УХТЭ: ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

info@inder.mn
2023/09/14

Улсын хоёрдугаар төв эмнэлгээс “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг угтан эрүүл мэндийн байгууллагын чанарын албаны эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд "Чанар, аюулгүй байдлын талаарх уулзалт, хэлэлцүүлэг"-ийг зохион байгууллаа.
Манай улс 2019 оноос эхлэн ДЭМБ-ын санаачилгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, таагүй тохиолдлыг бууруулах, үйл ажиллагааг сурталчлах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн.

 Энэ удаагийн хэлэлцүүлгийг “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё” уриан дор зохион байгуулсан нь өмнөх жилүүдээс онцлог гэдгийг УХТЭ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга З.Арьяасүрэн тодотгоод хэлсэн үгэндээ "Бид Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг тэмдэглэх хүрээнд эмнэлгүүдийн Чанарын албанд ажилладаг халдвар судлаач эмч, сувилахуйн албаныханд зориулан зохион байгуулж буй өнөөдөр /2023-09-12/-ийн уулзалт, хэлэлцүүлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал яагаад чухал вэ, бидний оролцоо ямар байх, ажиллахад тулгарч буй бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.  
ДЭМБ-аас сүүлийн 10 жилийн хугацаанд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хамгаас чухал гэдгийг онцлох болсон. Сүүлийн нэг жилд дэлхий нийтэд эмнэлгийн алдаанаас болж 300-400 мянган хүн амиа алдсан гэсэн судалгаа гарсан. Тиймээс эмнэлгийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хамгийн чухал зүйл юм. Бид тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг л хангах ёстой” гэв.
УХТЭ нь 2018 оноос эхлэн “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зургаан зорилт” хэмээх олон улсын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тодруулбал, үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах, үйлчлүүлэгчийг уналтаас сэргийлэх, эмнэлгийн нөхцөлд халдвар авахаас сэргийлэх, зөв талбайд, зөв мэс засал хийх, эмийн аюулгүй байдал гэсэн зургаан зорилт багтаж буй. Улмаар тус эмнэлэг үйлчлүүлэгчид үзүүлэх чанартай тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгч болон тэдний ар гэрийг идэвхтэй хамруулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.



Хэлэлцүүлгийн талаар ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтэн Б.Болортуяа “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг нэг дороос авч, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж буй энэ арга хэмжээнд лавлагаа шатлалын эмнэлэг болон 21 аймаг, сум, дүүрэг, хувийн хэвшлийн 600 гаруй эмч мэргэжилтэн танхимаар болон цахимаар оролцлоо.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь маш өргөн хүрээг хамардаг. Үүнээс үйлчлүүлэгчийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шийдвэр гаргалтанд татан оролцуулъя, үйлчлүүлэгчийн санаа бодлыг сонсоё, тэд эрүүл мэндийн байгууллагаас юу хүсдэг, түүнийг бид биелүүлэх боломжтой эсэх, олон улсад энэ талаар юу ярьж байгаа болон түүнийг Монгол Улсын хэмжээнд хэрхэн хэрэгжүүлэх вэ зэрэг маш олон асуудлын талаар ярилцлаа” хэмээсэн.



УХТЭ-ээс “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-т зориулан хэд хэдэн арга хэмжээг төлөвлөөд байгаа бөгөөд баасан гаригт буюу энэ сарын 15-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна