2025/12/12

Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа

info@inder.mn
18 цаг 53 минутын өмнө

БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сургалтын үеэр яам, агентлагууд, хандивлагч, донор байгууллагуудын  хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтад БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Азийн хөгжлийн банк, ОБЕГ, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Стандарт хэмжилзүйн газар, Барилга хөгжлийн төв, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Геодези усны барилга, байгууламжийн газар, ШУТИС, Монголын барилгын инженерүүдийн холбооны ажилтан, алба хаагчид оролцсон юм. 

АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд зохион байгуулсан “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалт”-ын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын санаачилгаар байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвсэл”-ийн анхны үүсгэн байгуулагч орнуудын нэг нь Монгол Улс болж, “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвсэл”-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2030 он хүртэл хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй хот” санаачилгад 2016 онд нийслэл Улаанбаатар хот, 2018 онд 21 аймгийн төвүүд нэгдэн орсноор, манай улс уг санаачилгад бүх хотоо нэгдэн оруулсан Ази тивийн анхны улс болсон юм.   

Гамшгийн эрсдэлийг бууруулах, дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд бодлогын түвшинд зохих шийдвэрүүд гарсан хэдий ч тухайн орон нутгийн удирдлагын болон дэд бүтцийн салбарын зүгээс авсан үүрэг амлалтаа бүрэн дүүрэн биелүүлэх, дэд бүтцийн чиглэлд гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнүүд хэрэгжих шатандаа олон асуудалтай тулгарч байгаа учраас энэ удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулсан гэдгээрээ ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна