-Явган замаар 10 км/цагийн хурдтай цахилгаан скүүтэр явуулж зорчигчдоо “хядах нь” дутаа юу-
УИХ-ын гишүүн П.Батчимэг, О.Батнайрамдал, П.Сайнзориг нарын нэр бүхий гишүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж өргөн барьсан.
Гэхдээ энэ хуульд түргэн түүхий боловсруулсан, алдаа мадагтай заалт цөөнгүй байна. Энэ талаар бид цувралаар хүргэх бөгөөд өнөөдрийн онцлох сэдэв нь цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч явган хүний замаар 10 км/цагийн хурдтай явж болох тухай хөндлөө.
Хуулийн төслийн
121.4-т Цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд дараах замаар явж болно:
121.4.1-т.зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр;
121.4.2-т явган хүний замаар 10 км/цагаас хэтрэхгүй хурдтай явах ба явган зорчигчид аюул учруулахгүйгээр зорчих гэж заасан.
Тэртэй тэргүй авто ослын тоо жил ирэх бүр нэмэгдэж, машинд мөргүүлж эрүүл мэнд, амь насаараа хохироод байхад явган хүний замаар 10 км/цагийн хурдтай цахилгаан скүүтэр явуулж явган зорчигчдоо “хядах нь” дутаа юу. Энэ хуулийн төслийг боловсруулсан гишүүдийн скүүтэрээр 10км/цагийн хурдтай давхиж ирээд араас нь мөргөж туршилт хийх саналтай байна гэх пост ч харагдаж байна. Тоглоом наргиа биш. Үнэхээр авто ослоо дийлэхгүй, хажуугаар нь 2019-2024 онд, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 985 осол бүртгэгдсэн байдаг.
Түүнчлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүхэлд нь чөлөөлж түгжрэлийг бууруулах талаар ярьж байхад цахилгаан дугуй, скүүтер зорчуулна гээд өмнөх шийдвэр, арга хэмжээнүүдийг үгүйсгэсэн үйлдэл хиймээргүй байна.
Тэгээд ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, стандартад заасан унадаг дугуйн зам, эгнээ, хөвөө тэдгээрээр ямар тээврийн хэрэгсэл зорчихыг маш тодорхой зааж өгсөн. Гэтэл тусгайлсан нэг төрлийн тээврийн хэрэгслийг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчуулж, явган замаар зорчих асуудлыг (одоо зорчихгүй зохицуулалттай) хуулиар нээж давуу байдал үүсгэх нь мөн л олон зөрчилдөөн үүсгэж, хуулиа мөрдөх үү, дүрмээ барих уу гэдэг асуудал босч ирэх нь лавтай.
Тэгэхээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж өргөн барьсан гишүүд заалтуудаа эргэн харж, засч залруулах биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна