Энэ Засгийн газрын эмзэг цэг, бугласан хатиг болоод байгаа шатахууны хомсдол, ажлаа мэддэггүй салбарын сайдын хийрхэлд бухимдсан иргэдийн тэвчээр алдрах нь цаг хугацааны асуудал болчихлоо. Тэр цагт засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, бугласан хатиг хагарна.
Анх ес, аравдугаар сараас шатахууны нийлүүлэлт доголдож, шар нь ассан машинуудын уртаас урт дараалал үүсч эхлэхэд л өөрийгөө өмөөрч, бусад руу бурууг чихэж ирсэн Г.Дамдинням өнөөдөр ч улиг болсон үгээ хэлсээр сууна.
Тухайн үед “Нийлүүлэлт хэвийн. Иргэд л банкаа дүүргэж зохиомол хомсдол үүсгэж байна. Хэрэглээгээ багасгачих” гэж мэдэгдсэн сайд бүр өөрөө “нууцаар” ШТС-уудаар явж үзээд нөөцтэй байгааг нь “илрүүлсэн” гэж байгаа. Ингээд зогсохгүй ээ. Сайдын хэлснээр иргэд өдөрт 2-3 удаа шатахуун авч дамлан зарсан юм байх. Хамгийн зэвүүцэм нь өдөрт 2, 3 удаа авах байтугай өчнөөн цаг оочерлож байж 30-50 мянган төгрөгт өгнө гэсэн хязгаарлалтаар жоохон бензинтэй залгаж байсан үе шүү дээ.
Ийнхүү иргэдийг тэнэг гэж боддог юм уу энэ мэтээр намаржин чихэн дээр цэцэг ургуулсан сайд гуай одоо харин шатахуун импортлогчдод үйлчилж байгааг Их хурлын индэр дээрээс гишүүд шүүмжлээд эхэлчихлээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт гэх сүржин нэртэй даржин хуулийн төслийг салбарын сайд Г.Дамдинням оруулж ирсэн. Яг юу зохицуулах нь тодорхойгүй, УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн хэлснээр гол агуулга нь шатахуун импортлогчдод зээл олгоход чиглэсэн, эрх ашгийн зөрчил үнэртсэн энэ хууль сайдад ашигтай юу, жирийн иргэдэд ашигтай юу?
“Нөөц савыг хаана барих, Монголбанкны зээлийн хүү хэд байх,аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага ч байхгүй. Маш бүрхэг хууль байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд өнгөрсөн 30 жилийн хугацаанд нөөц саваа барьчихдаггүй юм уу. "Шатахуун тасалдлаа" гээд байсан. Г.Дамдинням сайд тухайн үед тасалдаагүй л гээд байсан. Яг үнэндээ ийм хууль оруулж ирэх гээд зориудаар хомсдол үүсгээд байна уу гэж хардаж байна” гэсэн Б.Жаргалан гишүүний үгийг хатуухан сануулга гэж хүлээж авах ёстой.
Гэтэл чуулганаар яаравчлуулан хэлэлцүүлж, ирэх оны улсын төсөвт 25 тэрбум төгрөгийг шатахууны нөөцийн сав бий болгох, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтэй зээлийн татаас өгөхөд зарцуулахаар аль хэдийнэ тусгаж амжлаа. Өнгөрсөн жилүүдэд шатахууны үнийг үгсэн хуйвалдаж нэмж ирсэн, хомсдол үүсгэж ханш хөөрөгдөөд гаршчихсан импортлогчдод хариуцлага тооцох нь бүү хэл толгойг нь илж зээл өгнө гэхээр хэнд ашигтай хууль гэрлийн хурдаар орж ирээд төсөвт санхүүжилтээ тусгав гэдэг асуултын хариулт тэнэг хүнд ч тодорхой юм.
Мөнөөх шатахууны хомсдол, жирийн иргэдийн урт дараалал, арга ядаад бензингүй болсон машинаа зам дээр хаяж явган таваргах зэрэг нь нөөц сав барих нэрийдэл, цаана нь халхавчилж импортлогчдод зээл олгох том ашиг сонирхлын олз л байж.
УИХ-ын гишүүн асан О.Содбилэг өдгөө "Петровис" ХХК-ийн гүйцэтгэх захирал, МАН-аас жийгдсэн Ц.Анандбазар "Сод Монгол" группийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа "М Ойл" группийн гүйцэтгэх захирал, улс төрд танилын хүрээ өргөн "Шунхлай" группийн П.Батсайхан нар өнөөдөр шатахууны импортын зах зээлд монопол.
Өнөөдөр улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох эрхтэй 178 компани, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 192, жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 194 аж ахуйн нэгж бий. Гэтэл тэдний ердөө тавд нь давуу байдал олгож, Монголбанкнаас репо санхүүжилт өгнө гээд бод доо. Хэдийгээр салбарын сайд Г.Дамдинням барьцаа хөрөнгө, шалгуурыг шалгаж байж зээл олгоно гэж байгаа ч эдийн засаг хүндэрч буй энэ үед 1.6 их наяд төгрөгийн зээлээ шийдүүлэх нь шударга өрсөлдөөн мөн үү?
Ашиг сонирхол, асар их шуналаа түр азнаж, татвар төлөгчдийн мөнгө, ард түмний халаасыг тонохоо болиоч ээ. Ажлаа мэддэггүй бол огцроод мэддэг чаддагт нь өгөөд зайлаач ээ. Г.Дамдинням сайд аа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна