2026/02/28

Ерөнхийлөгч ямар хууль санаачлахыг хязгаарласан Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна

info@inder.mn
4 цаг 45 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилж яаралтай горимоор өргөн барих гэж буй нь нийгэмд талцал үүсгээд байна.

Нэг хэсэг нь иргэдийн итгэлийг хүлээж сонгогдчихоод хуульгүй мэт дураараа авирлаж, чуулгандаа ч суудаггүй, олон нийтийн сүлжээгээр бусдыг хэл амаар доромжон тохуурхаж байгаа ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах нь зөв гэх. Нөгөө хэсэг нь ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч эгүүлэн татах асуудлыг хөндөж байгаа нь ганц хүний дарангуйлал тогтоох гэсэн далд санаархал ч гэх. Ер нь л засаглалын тогтолцооны хувьд авч үзвэл парламентын бүрэн эрхэд халдах үйлдэл яах аргагүй болчихоод байгаа.

Гэхдээ энэ удаа өөр өнцгөөс өөр асуудлыг хөндмөөр байна.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг хийсэн.

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү зохицуулалт хэрэгжсэн сонгуулиар сонгогдсон билээ. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн үг.

За энэ ч яахав, Үндсэн хуулийн өөрчлөлт. Атал 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуулиа өнөөг хүртэл Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулаагүй. Уг хуульд “Ерөнхийлөгчийн бүрэн эрх 4 жил байна” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа.

Тэгэхээр Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлт хэрэгжихгүй энэ хүрчээ. Угтаа Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг органик хуулиудад тусган хэрэгжүүлэх ёстой. Гэвч шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хуулийг л Үндсэн хуульд нийцүүлснээс бус Төрийн тэргүүний өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг Ерөнхийлөгчийн тухай хууль хуучнаараа үлдэж. Мөнөөх мундаг, мэргэшсэн хуульчид ч энэ талаар хөндсөнгүй. Энэ бол монгол төрийн ой санамж муудсаных.

Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг гэх байх л даа. Гэхдээ нэг агуулгаар нь харвал Ерөнхийлөгчийн тухай хуулиараа бүрэн эрх нь хэдийнэ дуусчихсан Ерөнхийлөгч засаглаад байгаа ч юм шиг. Нөгөө агуулгаар нь харвал Монголд юу ч хуулийн хүрээнд биш, тэр ч байтугай дээр нь хөх тэнгэр л байдаг гэх Үндсэн хуульдаа органик хуулиудаа ч нийцүүлж чадаагүй л байна.

Цаашлаад, Үндсэн хуулиар Ерөнхийлөгч хүссэн хуулиа санаачлах эрхийг хязгаарласан заалт яг хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй өнөөдрийг хүрчээ. Тодруулбал, Эцэг хуулийн 26.1-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” гэж заасан байсныг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” хэмээн өөрчилсөн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тухай хуулиар Ерөнхийлөгч ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгнө гэсэн үг. Зааж өгөөгүйгээс засаглалын талцалд хүргээд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл яригдаж байна ч гэж хэлж болно.

Тэгэхээр УИХ Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн баталж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг цаг хугацаа, үүсээд буй нөхцөл байдал шаардаж байна. Эрхэм гишүүд ээ!!!

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна