Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Иймд Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулна. Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, 200 мм-ийн голчтой бохир усны шугамыг "Pipe Bursting" аргаар 250 мм болгон өргөтгөснөөр дамжуулах хүчин чадал 22.3 л/с-ээс 52.5 л/с болж, 2.3 дахин нэмэгдэх юм.
“Багц-1” болох дээрх ажлуудын ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд оролцогч талуудын саналыг тусгасан баримт бичгийг эцэслэн, магадлалд оруулахаар хүлээгдэж байна.
Харин “Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг "Close Fit" болон "CIPP" аргаар доторлон шинэчилсний дараа хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.
Нийслэлийн татан зайлуулах бохир усны хэмжээ 2040 он гэхэд хоёр дахин өсөж, хоногт 377 мянган м.куб-д хүрэх төлөвтэй байна. Иймд дээрх шинэчлэлүүд нь хотын ирээдүйн өсөлтийг даахуйц хүчин чадалтай дэд бүтцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатарт тохиож болох үерийн эрсдэлээс хамгаалж, аюулгүй өнгөрүүлэх түвшинд, дамжуулах хүчин чадлыг м.куб/сек нэгжээр тооцон төлөвлөж байгаа нь нийслэлийн аюулгүй байдлыг урт хугацаанд хангах чухал үүрэгтэй төслүүд юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна