2025/11/26

Тамхины хяналтын хууль санаачилсан О.Номинчимэгт талархая

info@inder.mn
12 цаг 56 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Номинчимэг болон бусад 78 гишүүн нэгдэж өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.

Электрон тамхи буюу "Вэйп"-ийг Монгол Улсад хориглох энэхүү хуулийн төсөл багагүй хэл ам дагуулж, зөв, буруу гэх маргаан үүсгээд буй. Тэр тусмаа тамхи импортлогчид болон ТҮЦ эрхлэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа.

Гаалийн мэдээнээс харахад 2024 онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи орж иржээ. Янжуур тамхины үнийн ханш нь зах зээлд 4500-6000 төгрөгөөр зарагддаг. Электрон тамхины тухайд 8.2 сая ширхэг орж ирсэн бөгөөд хэмжээ, хэлбэр хийцээсээ хамаарч 2-3 долларын өртөгтэй хэрнээ 20-30 мянган төгрөгөөр зарагдаж байна. Ер нь бол тамхины зах зээлд 700 гаруй тэрбум төгрөг эргэлддэг гэсэн мэдээлэл ч бий.

Янжуур тамхины онцгой албан татвар 30 хувь, электрон тамхиных 5 хувь гэхээр яах ч аргагүй ашигтай бизнес юм. ДЭМБ-ын зөвлөмжөөр тамхины үнийн 75 хувь нь татвар байх ёстой аж. Энэ жишгээр тамхины татварыг жил бүр шат дараатай нэмж, 2030 он гэхэд 75 хувьд хүргэх бодлого барьж байгаа нь тамхидалтыг хязгаарлах, ашигтай бизнесийг хумих хуулийн зорилго. Тиймээс ч Тамхины хяналтын хууль санаачилсан О.Номинчимэг гишүүн рүү дайралт хийж, бүр мөнгө төгрөг авсан ч гэж гүтгэж үзэв.

Өнөөдөр электрон тамхины гол худалдан авагчид нь хүүхдүүд байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн 25 хувь нь вэйп, 20 хувь нь янжуур татдаг гэсэн судалгааг олон улсын байгууллага хийжээ. Хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч, уушиг нь цоорсон  тохиолдол бас бүртгэгдсэн. ДЭМБ-ын судалгаагаар ч сүүлийн жилүүдэд монголчуудын тамхины хэрэглээ огцом өссөн байна. Тамхидалтаас хамаарсан нас баралтын тоо жилд 4500 байгааг эмч мэргэжилтнүүд сануулж буй. Иймээс УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын хуулийг “Нийгмийн эрүүл мэндийн хууль” хэмээн тодотгосон билээ. Хуульд тусгасан өөр олзуухууштай санал нь гудамжинд тамхи татах болон жимсний амттай тамхийг хориглох, тамхийг ил задгай байршуулж худалдахгүй байх заалт орсон. Юутай ч ажлын хэсгийн гишүүд тамхины хяналтын хуулийг энэ жилдээ багтааж батлуулахаар төлөвлөжээ.

Тэгэхээр хуулийн төслийг санаачилсан, хүүхдүүдийн, монголчуудын эрүүл мэндийн төлөө адлуулсан ч зоригтой дуугарсан О.Номинчимэг гишүүнд талархал илэрхийлэх нь зүй ёсных юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна