2024/06/23

АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан Элчин сайд Д.Н.Гореликийг хүлээн авч уулзав

info@inder.mn
2023/09/18

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2023.09.14) Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дмитрий Николаевич Гореликийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан, Элчин сайд Д.Н.Гореликтэй дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд, хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох санаачилгуудаас дурдлаа. 

Тэрбээр үргэлжлүүлэн, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарын харилцаанд түшиглэн том оврын ачааны автомашины дистрибьютер, тракторын механикжсан автобааз, мөн ачааны галт тэрэг угсрах үйлдвэр зэргийг зорилтот бүс нутагт байгуулснаар эдийн засгийн үр өгөөж дагуулна гэдгийг онцоллоо.  Мөн соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх зэргээр харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудын тухайд талууд санал нэгдэв.

АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид ирэх 11 дүгээр сард Бүгд Найрамдах Беларусь Улсад албан айлчлал хийх бөгөөд энэ үеэр удаашралтай байгаа зарим төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хурдасгах, экспортын бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хамтарсан санаачилгуудыг хэлэлцэх аж. Уг айлчлал нь парламент хоорондын хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ. Түүнчлэн Элчин сайд Д.Н.Горелик, Беларусь Улсын зах зээлд монголын талаас нийлүүлэх мах, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг борлуулалтын асуудлыг онцгой анхаарч буйгаа хэлээд уг асуудлыг ирэх 11 дүгээр сард Минск хотноо болох хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хурлаар хэлэлцэнэ гэлээ. 

Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Фёдорович Алейник ирэх оны хоёрдугаар сард манай улсад албан айлчлал хийхээр товлосныг уламжилсан юм. Уг айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа нь хоёр орны хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалж, олон талт харилцааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна