2024/10/04

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын харьяа байгууллагуудад ажиллалаа

info@inder.mn
2024/09/06

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр энэ долоо хоногт ХЭҮК, ҮСХ болон Төрийн албаны зөвлөлд очиж ажиллалаа. УИХ хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгох шинэчлэл хийнэ гэдгийг спикер ХЭҮК-т ажиллах үеэр онцолсон.  Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлийг танилцуулсан. Нэгдүгээрт,  хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хоёрдугаарт,  хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болох, гуравдугаарт,  нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох зэрэг хууль эрх зүйн “Гурван төгөлдөржилт”-ийг онцлов. Судалгаагаар 2021 онд 318 хуулийн 810 заалт нь хүний эрхийн зөрчилтэй гэж дүгнэсэн бол өнөөдрийн байдлаар 400 орчим заалт хүний эрхийн зөрчил агуулж буй талаар УИХ-ын дарга дурдаж, цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийх замаар эдгээр зөрчлүүдийг УИХ арилгана гэв. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг дээдэлсэн, XXI зууны хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтай болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 880 хууль, 2768 журам байгааг дурдаад, хуулиас давсан журмууд үйлчилж буй эсэхэд анхаарлаа хандуулж, журмын зохицуулалтыг УИХ хийхээр төлөвлөж буй талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл, хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах, хүний эрхийг хязгаарлах ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй учир журмын зохицуулалт хийнэ гэв. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аас 60 орчим ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан аймаг бүрд орон тооны нэг ажилтан хүний эрхийн асуудлыг хариуцан ажиллаж байгааг бүсчлэх, эсвэл зохион байгуулалт, чиг үүргийн хувьд оновчтой хувилбар гаргах замаар орон нутгийн түвшинд хүний эрхийн нөхцөл байдалд анхаарах шаардлагатай хэмээгээд, УИХ-д сонгогдон ажиллаж буй 126 гишүүн нийгмийн олон салбарын төлөөлөл учир парламентын танхимд тэд дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн нь хүний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлж буйг онцоллоо. ХЭҮК-ын дарга Б.Сүнжид өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын талаар дурдаад ирэх хоёр жилийн хугацаанд   иргэн, улс төрийн эрхийн орон зайг хамгаалах, эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд ахиц гаргах, зорилтот бүлгийн эрхийг хангах, хамгаалах, бүс нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг зорилго тавин ажиллаж буйгаа мэдээллээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл явагдаж байгаа энэ цаг үед ХЭҮК-оос санал өгч, идэвхтэй ажиллах, хүний эрхийн зөрчлүүд тогтолцооны шинж чанартай болсон учраас хууль тогтоомждоо шинэчлэл хийх нь зүйтэй гэдгийг тодотгож байлаа. Тус уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар   байлцсан юм. 

“Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт  бодлогын тогтвортой байдлын үндэс”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан­гийн ээлжит чуулганы завсар­лагааны хугацаанд хийж  харьяа байгууллагуудтайгаа  танилцах ажил ҮСХ-нд үргэлжиллээ.  Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын хамтаар тус байгууллагад ажилласан юм. Уулзалтын эхэнд Үндэсний статистикийн хорооны  /ҮСХ/дарга Б.Батдаваа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, статистикийн системийн тогтолцоо, уламжлалт болон шинээр боловсруулж буй тоон үзүүлэлт, аргачлалуудын талаар танилцууллаа. Үндэсний статистикийн хороо нь салбарын хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, цахим аргачлалыг цогцоор нь нэвтрүүлж, дэд бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг үндсэн чиглэлүүдийг зорилт болгон ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн 2022 оноос эхлүүлсэн “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийн зураглал, явц, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, цаашид үндэсний статистикийн системийн албан хаагчдыг системтэй сургах болон  албан хаагчдын цалинтай холбоотой асуудлыг хөндсөн.  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, “Статистик, судалгаа, мэдээлэлгүйгээр аливаа түвшинд шийдвэр гаргах нь нүдээ боогоод харанхуйд алхахаас ялгаагүй. Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэх нь анхаарал хандуулах асуудал” хэмээгээд иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлт тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхэд өгөгдөл, тоон мэдээлэл ашиглах чадвартай байх нь чухал гэлээ. УИХ-ын хянан шалгах чиг үүргийн хэрэгжилтийг хангахад ҮСХ нэн чухал үүрэгтэйг тэрбээр онцлоод, тус хорооны судалгаа, тоон мэдээллийг яамдаас эхлээд шийдвэр гаргах төрийн байгууллагууд ашигладаг харилцан уялдаатай байх нь чухал. Монголбанк мөнгөний бодлогыг ямар статистик мэдээлэл дээр үндэслэж барих вэ, Эдийн засаг, хөгжлийн яам ямар судалгаанд үндэслэж эдийн засгийн тэлэлтийн бодлого явуулах вэ, Сангийн яам ямар дата ашиглаж ухаалаг төсөвлөлт хийх вэ гэдгийг эмх цэгцэд нь оруулах шаардлагатай байна гэв. Мөн шийдвэр гаргах бүх түвшинд статистикийн байгууллагаас гаргасан тоон мэдээллийг оновчтой ашиглаж, үр дүнг тооцоолдог байх, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг цахим шилжилттэй зэрэгцэн тоон мэдээллийн чанар, аюулгүй байдлыг олон улсын чанар, стандартын жишгээр хэрэгжүүүлж байгааг сайшаагаад салбарын хүний нөөцийн дутагдал, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудалд анхаарал хандуулж ажиллахаа цохон тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлд Мэдээллийн технологийн газрын зорилтот ажлуудтай танилцаж, статистикийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал, судалгааны аргачлал, боловсруулалтын мэдээлэлтэй танилцав. 

Төрийн албанд дахин инженерчлэл хийнэ 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны зөвлөл болон Ёс зүйн хорооны гишүүдтэй уулзлаа. Тус уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Эрдэнэбат, Б.Хэрлэн, С.Зулпхар болон УИХ-ын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс байлцсан юм.  Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Монгол Улс дахь төрийн албаны нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах үүрэгтэй ажилладаг болохыг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн уулзалтын үеэр танилцуулсан. Улсын хэмжээнд төрийн 4239 байгууллагад 229.621 төрийн албан хаагч ажиллаж нийт хүн амын 6.8 хувь, ажиллах хүчний 17.9 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчийн тооны өсөлтөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагууд шинээр байгуулагдаж байгаатай холбоотой болохыг энэ үеэр онцолсон. Иймд Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын тоог хүчээр бууруулах бус бодлогын түвшинд шинэчлэл хийх учиртайг УИХ-ын даргад уламжилсан. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн албаны шинэчлэлийг бодитоор хийх цаг болсон. Төрийн албаны талаарх иргэдийн ойлголт сул, үнэлгээ муу, төрийн албан хаагчдын бүтээмж, гүйцэтгэлийг хангалтгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай гэж олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Мөн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж, хууль тогтоомжоос давсан олон журмыг хэрэгжүүлж байгаа нь хүнээс хамаарсан төрийн үйлчилгээг бий болгож ирлээ. Энэ байдал нь төрийн албан хаагч бусдад давуу байдал бий болгох, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлж байгаа юм. Тиймээс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого-2030” зэрэг Засгийн газраас өргөн барьж УИХ-аар батлуулсан хөгжлийн бодлогын бичиг баримтуудын томоохон орон зайг төрийн албаны шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн асуудал эзэлж байгаа. Монголын төрийн албанд дахин инженерчлэл хийх шаардлага үүссэн. 1990-ээд онд нийгэм солигдоход бий болсон бүтэц, төрийн албаны арга барил нь цаг үе, нийгмээсээ хоцрогджээ. Ийм дүгнэлтийг 2011 онд ч гаргаж байсан. 2022 онд ч гаргаж байсан. Тэгэхээр орчин цаг, нийгмийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох нь бидний том зорилго юм. Төрийн алба хэт данхайсан гэж олон нийт үзэж байгаа учраас төрийн албыг оновчтой болгох цаг болсон.  Төрийн албаны зөвлөлийн үндсэн чиг үүрэг бол УИХ-ын хяналт шалгалтыг төрийн албаны түвшинд хийх, хүний нөөцийн бодлогод нь үнэлэлт, дүгнэлт өгдөг байхад анхаарах учиртай. Харин хүний томилгоо, хүний нөөцийнхөө бодлогыг гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч, Шүүх засаглалынхаа түвшинд авч явдаг байх хэлбэр хамгийн оновчтой гэж харж байна” гээд шинээр бүрдсэн парламент хууль эрх зүйн орчныг шинэтгэх, төгөлдөржүүлэх чиглэлээр олон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцолсон юм. 

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна