2025/10/28

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүлж байна

info@inder.mn
3 цаг 57 минутын өмнө

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн  мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо бусад арилжааны банкнуудтай хамтран 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2”, 2021 онд "Ятгах тусам нягтал-2021", 2022 онд “Unsend–Бүү шилжүүл”, 2023 онд “Цахим зөвлөмж” зэрэг нийт 6 удаагийн аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж ажилласан.

Гэвч иргэдийн ойлголт, мэдлэг хангалтгүй байгаагаас залилан, луйварт өртөж хохирох явдал буурахгүй хэвээр байна. Тухайлбал, залилах гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 42.7 хувьтай байгаа бөгөөд нийт иргэдийн 83 хувь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим орчин ашигладаг нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд нөлөөлж байна.

Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,366 нэгжээр буюу 33.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.


Энэ удаад Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажилладаг Монголын баримт шалгах төв энэхүү аяны оролцогчоор ажиллана. Тус төв нь Facebook, Instagram, Threads платформд түгж буй хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, үнэлгээ өгснөөр тухайн хуурамч мэдээллийн үзэгдэлтийг бууруулан, түгээсэн хэрэглэгч бүрд мэдэгдэл хүргүүлдэг автоматжуулалт ашигладаг. Ингэж хуурамч мэдээлэлд өртсөн хүн бүрд бодит үнэн мэдээллийг хүргэх зохицуулалтаараа цахим орчинд залилангийн шинжтэй оролдлогуудыг бууруулахад чухал хувь нэмрээ оруулах юм

Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 онд “Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс”-ийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” арга хэмжээг банк, санхүүгийн салбартай хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын үр дүнд энэ он гарснаас хойш өнөөдрийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2,318 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс:

  • 1,591 гомдол (68.6%)-д хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж,
  • 11.4 тэрбум төгрөг (60.6%)-ийн дүнтэй гүйлгээг царцаан,
  • 671 иргэн, хуулийн этгээдийн 1.33 тэрбум төгрөгийн хохирлыг прокурор, шүүхийн байгууллагатай хамтран нөхөн төлүүлсэн байна.

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл:

  • Бараа, үйлчилгээ захиалж бусдад залилуулах — 35% (3,654 тохиолдол)
  • Телеграммаар “даалгавар биелүүлэх” хэлбэрээр залилуулах — 0.7% (767 тохиолдол)
  • Бусдын цахим хаягийг ашиглан мөнгө гуйх — 0.6% (752 тохиолдол)
  • Бусад (сугалаа, валют солиулах зэрэг) — 20% (2,335 тохиолдол)

Сүүлийн үед “Хусаад хож”, “Хаш чулуу”, “Азын хүрд” зэрэг урамшууллын тоглоом, Телеграм аппликейшн-ээр “Даалгавар биелүүлж мөнгөтэй болоорой” гэх мэт залилангийн уриа, мөн бараа, материал, өвс, мах, өвлийн хувцас, гэр ахуйн зүйлсийг хямд үнээр хүргэнэ гэж урьдчилгаа төлбөр нэхэх залилах хэрэг ихээр бүртгэгдэж байна.

Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг сайтар нягтлах, мөн өөрийн банкны дансаа бусдад ашиглуулахгүй байх зэрэг нөлөөллийн арга хэмжээ, бусад ажлыг иргэд, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна