2026/01/28

Б.Чойжилсүрэнг огцруулахаас өөр гарц үлдсэнгүй

info@inder.mn
2 цаг 53 минутын өмнө

Цахилгаан дахиад л тасарчихлаа. Утаатай Улаанбаатартаа эрчим хүчээ хязгаарлуулаад даарч хөрсөн хүмүүсийн бухимдал чинээндээ тулж байна.

“ДЦС-4” ачааллаа дийлэхгүйд хүрч, нэг зуух нь дэлбэрэх шахсан тул 48 цаг хэсэгчлэн тог тасалж, засвар хийж буй гэсэн мэдээллийг холбогдох албан тушаалтнууд өгч байгаа. Гэхдээ энэ 48 цаг гэдэг сунгаж ч мэдэхээр бүрхэг.

Үүний гол буруутан нь эрчим хүчний салбарыг сүүлийн 20, 30 жил зайдагнаж, ханаж цадахгүй идэж уусан эрх мэдэлтнүүд юм.

Манай улсад 2000 оноос хойш эрчим хүчний хэрэглээ жилдээ 9 орчим хувьд хүрч өссөөр ирсэн. Цахилгааны хэрэглээний 26 хувийг айл өрх, 43 хувийг аж ахуйн нэгжүүд, 31 хувийг уул уурхайн салбар эзэлдэг гэсэн мэдээлэл бий. Ийнхүү жилээс жилд эрчим хүч хэрэглэгчийн тоо нэмэгдэж, станцууд нь үлгэн салган ажиллаж байхад энэ салбарт мэргэжлийн сайд томилогдсонгүй. Албан тушаалаар шагнуулж очсонууд нь авах идэхийн шуналдаа дийлдсэн, тиймдээ ч өнөөдөр эрчим хүчний салбар ингэтлээ доройтчихоод байна.

“ТЭЦ-4”-ийн захирал Н.Тавинбэхийг Авлигатай тэмцэх газраас саатуулсан нь хамгийн сүүлийн жишээ. Түүнтэй хамт баривчлагдсан П.Товуудоржийн хувьд зөвлөхөөр нь ажиллаж байхдаа “10 аймагт дулааны станц” барих төслөөс их хэмжээний мөнгө идэж уухад хамсчээ. Тэр тусмаа “Грийн энержи интернэйшнл” ХХК-даа 2.6 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 9.2 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байна. Мөн Н.Насантогтох хөрөнгө чинээ ихтэй, Б.Чойжилсүрэнгийн зөвлөх бөгөөд Н.Тавинбэхтэй хамт төслийн мөнгө завшсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа.

За тэгээд, сүүлийн 20 жилд Эрчим хүч хэмээх улс орны стратегийн чухал салбарт Д.Зоригт, Ч.Чойжилсүрэн, “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар гээд л сайдууд томилогдож, өөрсдийнх нь хөрөнгө өсөөд, цулайгаад явчихаж. Тэдний өмч хөрөнгийг тоолоод тооцоод ч барахгүй биз.

Атал өнөөдөр Дулааны цахилгаан станцууд нь бүх тоног төхөөрөмж нь элэгдэл хорогдолд орж, үеэ өнгөрөөж, нөхцөл байдал хүндэрчихээд тогны хязгаарлалтаар аргацааж байх жишээтэй. Иргэдийг бүр эрчим хүчний хэрэглээгээ танах, гамнахыг ч уриалж эхэлжээ.

Дээрх хүмүүст яагаад өчүүхэн ч атугай сэтгэл байсангүй вэ? Өнөөг хүртэл хэдэн ч жил 5-р цахилгаан станц гэж ярив. Өөрсдөө идэж уухдаа иргэдээ жаахан ч гэсэн бодсон бол өнөөдөр ингэтлээ дордохгүй байсан. Гэтэл мөнөөх АТГ шлгагдаж байгаа Н.Тавинбэхийг суллах гэж байгаа гэсэн мэдээлэл сошиалаар битүү.

“Хотгор шанага”-ын гэгддэг Ч.Хүрэлбаатарыг Эгийн голын усан цахилгаан станцыг гацааж байсан гэлцдэг. Бусад сайдуудын балаг ч дуусахгүй их.

Одоо Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг огцруулж, ажлаа мэддэг мэргэжлийн инженер томилохоос өөр гарц үлдсэнгүй. Ер нь эрчим хүч, уул уурхай гэх мэт чухал салбарууд улстөрд бугшсан, улиг болсон, байнга л сонгогдож байдаг ч хийж бүтээсэн юмгүй эрх мэдэлтнүүдийн шагналын суудал биш. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна