2026/01/31

Эрх ашгийн эрэмбээ эсрэгээр нь өрсөн сайд

info@inder.mn
12 цаг 16 минутын өмнө

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2023 оны 07 дугаар сарын 07-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр төрд алба хашиж буй эрх мэдэлтнүүд, хамаарал бүхий этгээд, компани нь аливаа хэлбэрээр төртэй холбоотой худалдан авалтад оролцохыг хориглосон. Ингэхдээ тухайн албан тушаалыг эрхлэх хугацаанд хориглохыг маш тодорхой зааж өгсөн. Бүр тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний гэр бүл, хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцохыг хориглоно гэж цагаан дээр тодоос тод хараар бичсэн заалт бий.

Гэвч хуулийг гууль болгож буй эрх мэдэлтнүүд байсаар. Тэдний нэг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. УИХ-ын гишүүн, хоёр дахь парламентдаа Гадаад харилцааны сайдын суудалд тухалж буй тэрбээр 10-аад компанийн хувьцаа эзэмшдэг. Үүнээс дөрөв нь хэвлэх үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сайдынхаа халаасыг зузаалж, бэл бэнчинг нэмэгдүүлж байгаа.Ийн хэлэх учир нь, Б.Батцэцэг сайд болсноос хойш түүний хамаарал бүхий 2021-2024 онд “Мөнхийн үсэг”, “Аз хур”, “Монголын үнэт цаас” компани нь төрөөс зарласан 35 тендерт шалгарч 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Энэ гурван компани төрөөс, төсвийн хөрөнгөөр хэвлүүлдэг бүх ажлыг гүйцэтгэдэг, бараг л бүгдийг. Ер нь л 2014 оноос тендер хуу хамж ирсэн гэх. Тэр дундаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, онцгой албан татварын тэмдэгт, сурах бичгүүд, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төрийн өмчит сургуулиудын дипломууд цаашлаад саналын хуудсыг хэвлэж хэдэн зуун саяас хэдэн тэрбумыг халааслажээ. Тухайлбал, 2016 онд 2.1 сая саналын хуудас хэвлэж 3 тэрбумыг олсон бол 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг хуудсыг 2.9 тэрбумаар хэвлэжээ. Гэх мэтчилэн төрийн тендерүүдэд ногоон гэрлээр ялж ирсэн жагсаалт урт. Тиймдээ ч Гадаад харилцааны сайд маань хүссэн хүсээгүй “Тендерчин сайд” гэдэг нэр зүүчихээд байна. За тэгээд ахмадуудын тэтгэврийг тэглэхдээ олгосон ваучерыг 30-60 саяд хэвлэх байтал 592 саяар хэвлэсэн гээд хэл ам бишгүй.

Төрийн сайдын ажлыг нь энэ удаа өгүүлсэнгүй. Зөвхөн төрд өндөр суудалд тухалж буй албан тушаалтны ёс зүй, ашиг сонирхлын хувьд асуудлыг хөндлөө. Эхэнд дурдсан хуулийн заалтыг эргэн сануулъя. Хуульд тодоос тодорхой заачихсан байхад хувийн эрх ашгийг хойш тавьж, төрийн янз бүрийн тендерт оролцохгүй байж болдоггүй юм уу. “Улс орны эрх ашиг нэгд, намын эрх ашиг хоёрт, хувь хүний эрх ашиг гуравт” гэж Санжаасүрэнгийн Зориг агсан хэлсэн нь бий. Харамсалтай нь манай зарим улстөрч, төрийн эрх мэдэлтэй албан тушаалтнууд эрх ашгийн эрэмбэ дараагаа эсрэгээр нь өрчихөөд түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэх юм.

Өчнөөн бизнес нь явж л байна. Өөрийн эрх ашгаа зөвхөн албан тушаал хаших хугацаандаа хойш тавилаа гээд хоосорчихгүй л байлтай. Тэгээд ч хуулиа мөрд, хуулиа хэрэгжүүл. Эрх ашгаа эрэмбэл. Эс чадвал албан тушаалаа өгөхийг шаардаж байна, сайд аа.

 

 

 

 

 

САЙН, МУУ НЬ. Батмөнхийн Батцэцэг сайд сайн уу, муу юу аль нь вэ хө гэж үү. Аль аль нь л гэмээр юм байна. Сайнаас нь эхэлье.

Эмэгтэй хүний мэдрэмж, биеэ авч явах байдал, харилцааны соёл, орос, англи хэлний чадвар, ажил хэрэгч чанар зэргээрээ тэр мэргэжлийн салбарынхан болон олон нийтээс нэмэх оноо авдаг. Товчхондоо бол ажил хэргийн хувьд өөгүй харагддаг. Гял цял, гав шувхийсэн сайд. Салбараа гайгүй авч яваа. Гадаад ертөнцөд улс орныхоо нүүрийг тахалж, өнгө төрх нь болдог ерөнхий чиг үүргийн яамыг чамбай удирдаж буй гэсэн үнэлэлт, дүгнэлт байдаг. Нөгөө талд өөрийгөө шилдэг сайн дипломатч, мундаг сайн гэсэн пиар хийдгээс биш мэргэжлийн ажилдаа муу, өнгө өнгийн торгон дээлээр гоёхоос цаашгүй, олон улсын гэрээ, протоколыг УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирэхдээ мэргэжлийн талаар мэдлэггүйгээ харуулдаг гэсэн шүүмжлэлүүд ч бий.

Хамгийн том факт нь Б.Батцэцэг сайд хувь, хувьсгал хоёроо ялгаж, зааглаж чадалгүй өнөөг хүрсэн бололтой. Улстөрчийн нэр хүнд, төрийн сайдын эрх мэдлээ хувийн бизнесээ тордож томруулахад ашигладаг гэж болохоор. Тодруулбал, “Сайд болсноосоо хойш гурван компаниараа 35 тендерээр 12,7 тэрбумыг авчээ”, “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан”, “2020 оноос 2023 оны хооронд гурван компаниараа 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авсан” гэх мэт мэдээлэл хэвлэлд гарч байжээ.

 

“Монголын үнэт цаас, хэвлэл” компани нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал  хураалтын цаасыг хэвлэсэн бөгөөд санал будлиантуулсан гэдэг шүүмжлэлд өртөж байв. Сайтууд 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Гадаад харилцааны сайдын үүрэгт ажлыг хүлээн авснаасаа хойш буюу 2021, 2022, 2023, 2024 онуудад өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан хэчнээн тендер авсныг нь нээлттэй мэдээллийн tender.gov.mn, opendatalab.mn сайтуудаас шүүрдэн хүргэж ч байв.

Гадаад харилцааны сайдын компаниуд их, дээд сургуулиудын оюутны ромбо, дипломын  хавтаснаас эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэх бусад маягтын хэвлэлт, төрийн байгууллага, төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдэд бичгийн цаас нийлүүлэх тендерүүдийг хуу хамдаг аж.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2023 оны долдугаар сарын 07-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглох зохицуулалттай болсон билээ. Энэ өнцгөөс харвал Б.Батцэцэг сайд баартай гишүүдийн нэг аж

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна