2026/03/27

Катар: Бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэх шаардлагатай

info@inder.mn
2 цаг 11 минутын өмнө

Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажид Аль‑Ансари бүс нутгийн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Персийн булангийн орнууд аюулгүй байдлын бодлогоо дахин харж үзэх болсныг мэдэгдлээ.

Тэрбээр Al Jazeera телевизэд өгсөн мэдээлэлдээ, сүүлийн өдрүүдэд Ойрхи Дорнодод үүсээд буй хурцадмал байдал бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой эрсдэл үүсгэж байгааг онцолсон байна.

Катарын талын мэдээлснээр, Персийн булангийн орнуудын батлан хамгаалах хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн ч одоогийн нөхцөл байдалд аюулгүй байдлын тогтолцоог шинэ нөхцөлд нийцүүлэн дахин үнэлэх шаардлага үүсжээ.

Мажид Аль-Ансари мөн Катар улс бүс нутагт хурцадмал байдлыг намжаах дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлж, мөргөлдөөнийг өргөжүүлэхээс зайлсхийх байр суурь баримталж байгааг тэмдэглэв.

Өмнө нь Reuters агентлаг Катар улс Ойрхи Дорнод дахь нөхцөл байдалд болгоомжтой хандаж, мөргөлдөөнийг намжаах дипломат сувгуудыг дэмжиж байгааг мэдээлсэн юм.

Ойрхи Дорнодод Израиль, Иран, АНУ-ын хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Персийн булангийн орнууд бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлд илүү идэвхтэй дипломат байр суурь баримталж эхэлж байна.

Катарын энэхүү мэдэгдэл нь тус улс мөргөлдөөнд шууд оролцохоос зайлсхийж, бүс нутгийн тогтвортой байдлыг дипломат аргаар хадгалах бодлого баримталж байгааг харуулж буй гэж ажиглагчид үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна