Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.07) нэгдсэн хуралдаан 10 цагт эхэлж, Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлоод байсан юм.
Гэвч Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын зарим гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирээгүйгээс хуралдааны ирц бүрдэхгүй байсан тул хуралдаан даргалагч болон ирцэд бүртгүүлсэн гишүүд ирц бүрдэхийг хүлээсээр багагүй хугацааг өнгөрөөв.
Иймээс Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд ирэхгүй, ирцээ бүрдүүлэхгүй байгаа гишүүдийн нэрсийг дуудаж чуулганы танхимд хүрэлцэн ирж ирцээ бүрдүүлэн Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэх шаардлагатайг сануулсан юм.
Гэсэн ч Улсын Их Хурлын зарим гишүүд болон Засгийн газрын гишүүд хуралдаанд орж ирээгүйгээс ирц бүрдэхгүй байгаа тул Улсын Их Хурлын дарга М.Энхболд 12 цаг 55 минутад чуулганы хуралдааны танхимд байгаа 35 гишүүний нэрсийг дуудаж танилцуулав. Мөн чуулганы танхимд орж ирэхгүй, ирц бүрдүүлэхгүй байгаа Улсын Их Хурлын бусад гишүүд болон Засгийн газрын гишүүдийн нэрсийг танилцуулаад гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулган хуралдах боломжгүй байгааг мэдэгдлээ.
Иймээс Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хуралдаж чадсангүй. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, Улсын Их Хурлын гишүүд ээ,
Арванхоёрдугаар дугаар сарын 06-ны үдээс хойших хуралдаан, 12 дугаар сарын 07-ны үдээс өмнөх хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирээгүйгээс болоод хуралдаж чадсангүй.
Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг яаралтай хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын захирамж гарч, хэлэлцэж эхэлсэн. Харамсалтай нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд чуулганы хуралдаанд ирээгүйгээс гишүүд асуулт асууж чадахгүй болж, ирц бүрдээгүйгээс санал хураалт явуулж чадсангүй. Ингээд энэ асуудал хоёр өдрийн турш хэлэлцэгдсэнгүй.
Улсын Их Хурлыг ард түмэн сонгодог. Ард түмэн Та биднийг улс эх орныг удирдан чиглүүлэх бодлого, чиглэлийг тогтоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж сонгосон. Парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар шийдвэр гаргах ёстой байна, түүнийг цаг алдалгүй гаргаж бай гэж сонгосон.
Засгийн газрыг Улсын Их Хурал томилдог. Ингэхдээ Улсын Их Хурлын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд бодлого шийдвэрээ гарган хэрэгжүүлж, Улсын Их Хуралд асуудлаа танилцуулж, тайлагнаж ажилла гэж томилсон.
Засгийн газар, түүний Тэргүүн Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцаж, Улсын Их Хуралд ажлаа тайлагнах хуультай. Гэтэл Улсын Их Хурлын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар явуулахгүй, хоёр өдрийн турш бойкотлож байна.
Бид бензин шатахууны үнийн нэмэгдэл, валютын ханшны өсөлтийн асуудлыг Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Нэр дэвшүүлж, өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног руугаа орлоо. Засгийн газрын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал бэлэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүдийн олонх итгэл үзүүлж, ажлаа үргэлжлүүлж хий гэсэн шийдвэрийг гаргасан. Одоо улстөржилтөө зогсоож, Засгийн газар ажлаа хийх ёстой. Засгийн газар нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж байдаг цаг одоо биш ээ.
Цаг агаарын байдал хүндэрч, өвөлжилтийн байдал ч амаргүй байх шинжтэй боллоо. Улс орны хэмжээнд уламжлалт мал тооллогын ажил эхэллээ. Энэ мэт олон ажил, арга хэмжээг Засгийн газар зохион байгуулах үүрэгтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдолттой холбоотой асуудлаар ямар ямар арга хэмжээ авах гэж байгаагаа Улсын Их Хуралд танилцуулж ажиллах ёстой.
Тийм учраас Засгийн газрыг ажлаа шуурхай хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг би шаардаж байна. Төр тогтвортой байх ёстой. Үүний төлөө би ажиллана. Төр тогтвортой байж гэмээнэ түмэн олон тайван амгалан ажиллаж, амьдрах үндэс бүрдэнэ.
Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлогуудыг эрээ цээргүй хийж байна. Үүнтэй бид хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалах, тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ хэмээн олон түмнийг цочирдуулах уриалга лоозонг Улсын Их Хурлын гишүүд ярьж байна. Энэ бол Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.
Түүнчлэн “60 тэрбумын” гэх хэргээр ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар тараасан асуудлыг дарах оролдлого, сурталчилгааг ихээр хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой гэж үзэж байна.
“60 тэрбумын” гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх 7 хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Улсын Их Хурлын даргын хувьд үүнийг үүрэг болгож байна.
Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, саналаа бичгээр, албан ёсоор тавь. Хэвлэл мэдээллийн PR болгож битгий ашигла. Төрийн ажил хуулийн дагуу явагдах учиртай. Бид хуульд нийцсэн үйл ажиллагаа л явуулах ёстой.
Засгийн газар Улсын Их Хурлын өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байгаагаас болоод Улсын Их Хурлын хоёр өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүйд би ард иргэдээсээ уучлалт хүсье" гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна