2024/11/23

Индонезид хөл бөмбөгийн тоглолтын үеэр мөргөлдөөн болж 125 хүн амиа алджээ

info@inder.mn
2022/10/03

Индонезийн эрх баригчид хөл бөмбөгийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас хэчнээн хүн амиа алдсаныг бүрэн тогтоож дуусаагүй байна. Анх 120 хүн амиа алдаж, 180 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлж байв.  Гэтэл дараа нь 174 хүн амиа алдсан гэжээ. Харин одоо 125 хүн амь үрэгдэж, 320 гэмтэж бэртсэн гэж мэдээлсэн байна. 

Мөргөлдөөн Зүүн Ява мужийн Маланг хотод тус мужийн "Арема" болон Сурабай мужийн "Персебая" клубүүдийн хоорондох тоглолтын дараа болжээ. Тоглолт 3:2 харьцаатайгаар зочин багийн ялалтаар дууссан байна. Тоглолт өндөрлөж шүгэл үлээсний дараа "Арема" багийн олон мянган хөгжөөн дэмжигч талбай руу гарч ирж, мөргөлдөөн үүсгэсэн байна. Цагдаагийнхан нулимс асгаруулагч хий цацжээ. Хүмүүс бие бие дээрээ дарж гишгэсний улмаас амиа алдсан гэж эмч нар дүгнэсэн байна.

Энэ явдлыг цэнгэлдэх хүрээлэнд болсон дэлхийн хамгийн аймшигтай явдал гэж нэрлэж байна. Эмх замбараагүй явдал цэнгэлдэхийн гадна талд ч болсон байна. Цагдаагийн хэд хэдэн автомашин шатаж, хоёр цагдаа амиа алджээ. 

Хууль сахиулагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Индонезийн хөл бөмбөгийн холбоо "Арема" багт улирал дуустал талбайдаа тэмцээн зохион байгуулахыг хориглож, тоглолтуудыг долоо хоногоор хойшлуулжээ.

Хөл бөмбөгийн "Арема", "Персебая" багууд эртнээс өрсөлдөж иржээ. Тиймээс мөргөлдөөн болохоос сэргийлж "Персебая" багийн дэмжигчдэд тасалбар худалдаалаагүй байна. Гэвч 38 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тэмцээний өмнө 42 мянган тасалбар борлуулсан гэж Аюулгүй сайд Мохаммад Махфуд мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна