“Оюутан цэрэг” сургалт 10 дахь жилдээ явагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронч, оюунлаг, боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой бөгөөд 2014 оноос эхэлсэн юм.
Энэ жилийн тухайд нийслэл Улаанбаатар хотод ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон бүсчилсэн хэлбэрээр хөдөө орон нутгийн цэргийн ангиудыг түшиглэн эрүүл мэндийн болон бие бялдрын шалгууруудыг хангасан залуусыг хамруулан зохион байгуулагдаж байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн их дээд сургууль, Политехникийн коллежийн оюутнуудыг хүлээн авч, Говийн бүсийн сургалтынхаа төвийг түшиглэн “Оюутан цэрэг-2024” сургалтыг эхлүүллээ. Тус ангийнхан оюутан цэргүүдийг бүртгэх, эмчийн үзлэг, сэтгэл зүйн сорил, ахуйн хангалтыг 7 цэгээр зохион байгуулж, 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн сургалт, бэлтгэлийн хичээлийг ЗХЖШ-ын даргын баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу эхлүүлсэн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна