2025/04/16

“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна

info@inder.mn
10 цаг 50 минутын өмнө

"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн зай төрлүүдтэй танилцаж, өөрийн гүйх төрлийг сонгон марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.

  • 1.5 км

Хамгийн ойрын зайн энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд найз нөхөд, гэр бүлээрээ бие биеэ хүлээж, дэмжиж, урамшуулан хамтдаа бариандаа орж, тухайн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэг. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг гишүүний бүртгэлийн хаягаар хамтад нь хийх бөгөөд гүйх гишүүн тус бүр 5000 төгрөгийн хураамж төлнө.

  • 5 км - Эрүүл мэндийн гүйлт

Хэрэв та анх удаа гүйх гэж байгаа бол энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүс энэ төрөлд бүртгүүлэх нь илүү оновчтой юм. Хураамж: 10,000 төгрөг

  • 10 км

Гүйлтийн спортоор тогтмол хичээллэдэг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, гүйх арга барил эзэмшсэн хүмүүс энэ төрөлд гүйх нь төгс сонголт. 10 км нь тэвчээр шаарддаг атлаа нэг мэдэхэд л дуусчихдаг зай юм. Хураамж: 50,000 төгрөг

  • 21 км хагас марафон

Энэ төрөлд урьд нь марафонд гүйж байсан туршлагатай, дор хаяж 2-3 сар бэлтгэл хийсэн хүмүүс оролцвол зохистой. Хагас марафонд гүйх бол зориулалтын гутал, хувцас, тоноглол зэргээ сайтар зэхэж бэлтгэх хэрэгтэй. Хураамж: 70,000 төгрөг

  • 42 км марафон

Бэлтгэлийн үеэр багадаа 21 км-т хэд хэдэн удаа гүйж үзсэн хүмүүс 42 км-т гүйхээр сонгодог. Хэрэв энэ төрөлд амжилттай гүйж чадах юм бол өөрийнхөө чадварын хязгаарыг давах нэг томоохон сорилт болно гэж үздэг билээ. Хураамж: 90,000 төгрөг

  • Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.m... цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон https://ulaanbaatar.marathon.m... цахим хуудас, Hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.  

Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар 2025.05.10-20-нд олгоно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна