Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Эдгээр асуудлаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор В.Оюумаатай ярилцлаа.
-Нийслэлийн өмчийг хувьдаа хууль бусаар ашиглаж байгаа асуудал Төв цэнгэлдэх хүрээлэн, Ж.Хатанбаатарын эмнэлэг гээд ойрын жилүүдэд нэлээд яригдаж байна. Энэ асуудал яагаад үүсэх болов гэдгээс яриагаа эхлүүлье?
-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа асуудал нь 10-аас дээш жил буюу урт хугацаандаа үргэлжилсэн ужгирсан асуудал байдаг. Ийм олон жил нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн болон үнэ төлбөргүй ашиглаж ирсэн тохиолдлууд байна. Хамгийн ойрын жишээ нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны клиник төв, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сэлбэ үйлчилгээний төвийн Ж блок гэх мэт нэрлэж болно. Миний хувьд 2024 оны нэгдүгээр сард нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар томилогдоод, нийслэлийн өмчийн барилгуудаар явж үзсэн. Гэтэл маш олон барилга дандаа өнгөрсөн цаг дээр, нийслэлийн өмч байсан л гэж яригдаж байсан. Бид барилгын асуудлыг судалсан, хяналт шалгалтууд хийсэн. Эхний ээлжид зөвхөн түрээсийн зориулалтаар ашиглуулж байгаа нийслэлийн өмчийн барилгыг ашиглаж байгаа газруудад шалгалт хийхэд нийт 20 гаруй зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг иргэний болон эрүүгийн хэргийн журмаар хянан шалгуулж байна.
-Нийслэлийн өмчийг түрээсэлсэн газруудад ихэвчлэн ямар зөрчил илэрсэн бэ. Ер нь нийслэлийн өмчийг хэдий хэр үнээр түрээсэлдэг юм бэ?
-Нийслэлийн өмчийг түрээслэх асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу түрээсэлдэг. Нийслэлийн өмчийн түрээсийн тариф зах зээлийн үнээс хамаагүй бага. Тиймээс өнгөрсөн жил дүгнэлт хийгээд түрээсийн үнийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлж ажилласан. 2025 онд Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулан түрээсийн үнийг огт нэмээгүй. Өмнөх хяналт шалгалтаар олон жил нийслэлийн өмчийн байр талбайг ашигласан боловч нэг ч төгрөгийн орлого төвлөрүүлээгүй аж ахуйн нэгж, хувь хүн байсан. Бид тэдний төлөөгүй түрээсийн төлбөрийг өнгөрсөн жил нөхөн төлүүлэх ажлыг эрчимтэй явуулсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчийг ашиглаж, эзэмшиж байсан 210 гаруй хуулийн этгээд, хувь хүнээс нийслэлд 310 сая төгрөгийн өр төлбөр үлдээсэн баримт байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид эдгээр байгууллага, иргэдтэй холбогдож, өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа боловч өр төлбөрөө төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдлууд гарч байна. Ийм тохиолдолд бид хууль хяналтын байгууллагаар шалгуулна.
-2025 онд мөн эдгээр хяналт шалгалт үргэлжлээд явах уу?
-Энэ жилээс хяналт шалгалтыг тодорхой чиглэлд төрөлжүүлэн явуулж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдийн байр ашиглалттай холбоотой асуудлыг шалгахад багагүй зөрчил илэрч байна. Энэ сараас ерөнхий боловсролын сургуулийн байр талбайн ашиглалтыг хянан шалгаж эхэллээ. Бидний зүгээс нийслэлийн өмчийн байр, талбайн ашиглалтад хяналт тавьж байгаа нь аливаа байгууллагын үйл ажиллагааг доголдуулах гэсэнгүй. Нийслэлийн өмчийн байр талбайг хэрхэн хуулийн хүрээнд ашиглаж байна, илүүдэлтэй байр талбайг хуулийн дагуу гэрээ байгуулж, нийслэлд орлого төвлөрүүлж байна уу гэдгийг л шалгаж буй үйл явц. Шалгалтаар нийслэлийн өмч хөрөнгө алдагдсан, бусдын өмчлөлд шилжсэн, олон жилээр үр ашиггүй ашигласан, үнэ төлбөргүй эсвэл маш бага үнээр ашиглахдаа ямар ч сэтгэлгүй нуранги, балгас болгочихсон ийм дүр зураг угтаж байгаа нь үнэхээр харамсалтай.
-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашигласан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүссэн талаар та дээр дурдсан. Хэрэг, зөрчлийн талаар тодорхой жишээгээр тайлбарлаад өгөөч?
-Асуудлууд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 360 орчим түрээсийн гэрээ байдаг. Үүнээс таван түрээслэгчид давуу эрх олгосон байсан. Өөрөөр хэлбэл, бүх түрээслэгчтэй жил бүр гэрээ хийж, гэрээг дүгнэж сунгаад явдаг бол эдгээр таван түрээслэгчдэд таван жилээр барилгыг түрээсэлсэн байсан.
Тухайлбал, 3, 4 дүгээр хороололд Москва рестораны баруун талд байрлах гар утас худалдааны барилгад хуучин шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан. Таван жилээр түрээсийн гэрээ хийсэн. Нийт талбайгаараа 3.7 сая төгрөг сар тутам нийслэлд төлдөг. Гэхдээ лангуу түрээслэгч нартаа дам түрээслээд сард 20 сая төгрөгийн ашиг олдог байсан. Мөн барилга дээр нэмж нэг давхар барилга барьж, лоунж үйл ажиллагаа явуулж байна. Одоо дээр дурдсан дам түрээсийн гэрээг цуцалж, шууд гэрээ байгуулан нийслэлд 20 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж байна. Нийслэлийн өмчийг ашиг олох зорилгоор дам түрээслэхийг журмаараа хориглосон байдаг. Гэтэл давуу байдал олгоод таван жилээр ийм байдалтай түрээслэсэн байгаа юм.
Өөр нэг жишээ хэлэхэд, БГД-ийн 7 дугаар хорооны “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг мөн ялгаагүй түрүүнд дурдсан гар утасны худалдаа эрхэлж байсан этгээд буюу нэг эзэнтэй хоёр компани тус бүр 5 жил түрээсэлсэн. 5 жилээр түрээслэх хугацаандаа уг байрыг нэг өдөр ч ашиглаагүй. Цоожтой байлгаж байсан. Ямар зорилгоор энэ үйлдлийг хийгээд байгааг мэдэхгүй байна. Очихоор ус байхгүй, халуун ус тасарсан, усны шугам хөлдсөн, цонх хагарсан, хаалга эвдэрсэн гээд ямар ч ашигласан шинжгүй. Уг асуудалд түрээслэгчийн давуу эрхээр байрыг хувьчилж авах гэсэн цаад ашиг сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын удирдлагын зүгээс ашиглаж болох барилгыг ашиглаж, хэрэгцээгүй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх, чөлөөлсөн газарт нийслэлийн иргэдэд хэрэгтэй тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барих, мөн дуудлага худалдааг нээлттэйгээр зохион байгуулах зарчим барьж ажиллаж байгаа. Хэн мэдээлэлд ойр нь өөртөө давуу байдал үүсгэж, нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчдөг үйлдлийг таслан зогсоох нь бидний ажиллаж буй чиг шугам юм.
-Тэгвэл нийслэлийн өмчийг яаж ашиглавал зөв болох вэ. 2021 оноос хуралдаагүй байсан Өмч хувьчлалын комисс сая хоёр ойрхон хуралдлаа. Энэ нь нийслэл өмчдөө анхаарч байгаа бас нэгэн жишээ болов уу?
-Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хоёрдугаар хуралдаан тавдугаар сарын 2-нд болсон. Урьд өмнөх НИТХ-аас баталсан өмч хувьчлах жагсаалтад орсон 28 барилга байгууламжийг хувьчлах эсэхийг хэлэлцэж, 12 барилгыг хувьчлах жагсаалтаас хасахаар шийдвэрлэлээ. Гурван барилгыг актлан нурааж, газрыг нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгох зэргээр шийдсэн.
Өмч хувьчлалын арга хэлбэрүүдийн хувьд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, хувь хөрөнгөөр хувьчлах, нийслэлийн өмчит хуулийн этгээдийг татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах, менежментийн гэрээний үр дүнгээр хувьчлах, давуу эрхтэй тусгай төрлийн хувьцааг гаргах зэрэг хэлбэр бий л дээ. Нийслэлийн зүгээс өмч хувьчлалыг олон нийтэд нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар явуулах чиглэлд илүү анхаарч байна. Жишээлбэл, олон нийтэд яригдаад байгаа сэдэв менежментийн гэрээгээр өмч хувьчлах тухайд авч үзье. Нийслэлийн өмчийг нийслэл өөрөө ашиглаж байгаа бол засвар, арчлалтыг тодорхой хэмжээнд хийгээд явдаг. Энэ зардал, татаасыг бууруулах зорилгоор менежментийн гэрээгээр хөрөнгийг хувьчилдаг. Менежментийн гэрээгээр авсан газрын үйлчилгээ сайжирч, иргэдэд хүрэх хүртээмж нэмэгдэх ёстой. Төрөөс авах мөнгөний хэмжээг тогтмол бууруулж байх зорилготой гэрээ. Үүнээс биш улсаас авдаг мөнгөө аваад л, ашгаа өөрөө хүртдэг гэрээ биш. Бид менежментийн гэрээний үр дүнг маш зөв дүгнэх ёстой. Менежментийн гэрээгээр нийслэлийн өмчийг ашиглаж байгаа хүмүүс нийслэлд орлого төвлөрүүлдэггүй. 10, 20 жил хөрөнгийг ашиглаж, маш их хэмжээний засвар үйлчилгээ, өр төлбөр үлдээдэг.
-Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн өмч хөрөнгийг балансаас яаж гаргаж авсан байх вэ. Өмчийн бүртгэлийн асуудал сул санагдлаа?
-Үүнд ганцхан жишээ дурдахад, нийслэлийн өмчийн барилга байгууламж хамгийн сүүлд 2011 оны балансад бүртгэлтэй байсан боловч 2012 оны балансаас ямар нэгэн шийдвэргүйгээр хасагдсан зөрчил илрүүлсэн. Манай бүх бүртгэл цаасан суурьтай явж ирсэн. Нэг дүүргийн өмчийг нэг мэргэжилтэн л хариуцаж ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр дүүргийн өмчийг сайн мэдэх ганц хүн нь зөвхөн тэр мэргэжилтэн болж байгаа юм. Нийслэлийн Өмчийн газрын дарга ч өөрөө тэдгээрийг сайн мэдэж, хянах боломжгүй байсан. Мэдээж хүн ажиллуулж байгаа учраас тэр хүний санаатай, санамсаргүй үйлдлүүд, ажлын хариуцлага зэрэг ч өмчийн бүртгэлийн асуудалд нөлөөлж болно. Иймээс НЗДТГ-аас захиалан нийслэлийн өмчийн бүртгэлийн системийг хийлгэж, ашиглалтад оруулаад байна.НЗДТГ-аас захиалагчийн хяналтыг тавьж, туршилтууд хийгдэж, программд тайлан шивж эхэлсэн. Ингэснээр уг программд хэн, хэзээ, яаж нэвтэрсэн, ямар хөрөнгө бүртгэсэн, хассан бүх мэдээлэл тодорхой харагдана. Шинэ программын сургалтууд хийгдэж, нийслэлийн өмчийн харилцааны газрын алба хаагчдаас гадна нийслэлийн харъяа 877 байгууллагын нягтлан, санхүүгийн ажилтан программд мэдээллээ нэгтгэх юм.
-Нийслэл өмчдөө эзэн болж, хяналт шалгалтаар зөрчлүүдийг илрүүлж, өмчийн бүртгэлийг цахимжуулснаар орлого төвлөрүүлэлт хэр нэмэгдсэн бэ?
-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлд орлого төвлөрүүлэх үүрэгтэй байгууллагуудын нэг. Орлого төвлөрүүлэх төлөвлөгөөг тухайн жилд НИТХ-аас баталдаг. Манай Өмчийн харилцааны газар нь өнгөрсөн 2024 онд 7.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт бүрдүүлээд байна. 2024 онд өмч хувьчлал явагдаагүй, зөвхөн нэг хувьцаат компанийн 34 хувийн нээлттэй хувьчлал явагдсан. Тиймээс 2024 оны орлого төвлөрүүлэлтээс 1.4 тэрбум төгрөг тасрах төлөвтэй байсан ч бид орлогыг давуулан биелүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилүүдэд бид энэ хэмжээний боломжоо алдаад явжээ гэсэн үг. Айл гэр ямар эмх цэгцтэй байдаг билээ түүнтэй адил л Улаанбаатар хот ч гэсэн тийм энх цэгцтэй байх ёстой. Бидний зүгээс нийсллэлийн өмчийг өөрийн юм шиг ханддаг хүмүүстэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн байна.
-2025 онд өмч хувьчлал болох уу. Шалгаруулалт яаж явагдах вэ?
-НИТХ-аас өмч хувьчлалын жагсаалтыг баталдаг. Жагсаалтын дагуу нийслэлийн Өмч хувьчлалын комисс хөрөнгийн үнэлгээг тогтоох, хувьчлах дараалал, үйл явцыг баталж, нийслэлийн Өмчийн харилцааны газар өмч хувьчлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. НИТХ-аар 9 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2025 онд баталж, үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлахаар төлөвлөж байна. Энэ жагсаалтыг НИТХ-ын хоёр удаагийн хурлаар хэлэлцэж, 13-аас 9 болтол нь бууруулж шийдвэрлэсэн. Нийслэлийн харьяа 877 байгууллагаас ашиглах боломжгүй, цаашид үр өгөөжийг нь гаргаж чадахгүй хувийн өмчид шилжүүлье гэсэн барилгуудын жагсаалтыг гаргуулж, НИТХ-д өргөн барьсан нь энэ. Өмнөх жилүүдэд батлагдсан байсан үл хөдлөх хөрөнгө мөн хувьчлалын жагсаалтад байгаа. Өмч хувьчлалын хэлбэрийг НИТХ батална. Бидний хувьд үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлах нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байна. Өмч хувьчлал, нийслэлийн өмчтэй холбоотой бүхий л мэдээллийг бид холбогдох сувгуудаараа нээлттэй мэдээлнэ. Мэдээлэлд үндэслэн хувьчлагдах эд хөрөнгийг иргэд очиж үзэх, хувьчлалын үйл явцад биелэн оролцох бүрэн боломжтой юм. Хувьчлалын үйл явц иргэдэд нээлттэй байх болно.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна