2026/03/27

Ормузын хоолойн асуудлаарх Ираны санал анхаарал татав

info@inder.mn
4 цаг 42 минутын өмнө

Ойрхи Дорнодын хурцадмал байдал үргэлжилж буй энэ үед Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн анхаарлын төвд хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд Ираны зүгээс танкеруудын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, сонгон нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Ираны албаныхны мэдэгдсэнээр тус улсын эсрэг байр суурь илэрхийлээгүй, төвийг сахисан орнуудын нефтийн танкерууд Ормузын хоолойгоор нэвтрэх боломжтой гэж мэдэгджээ. Харин Ираны эсрэг байр суурьтай орнуудтай холбоотой хөлгүүдэд нэмэлт хяналт тавих буюу нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсан байна.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр зарим улс орнууд Ормузаар нэвтрэх талаар Ираны талтай урьдчилсан зохицуулалт хийж эхэлсэн бөгөөд тодорхой тооны танкеруудыг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон талаар дурдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн энэ талаар мэдэгдэл хийж, Иран зарим танкеруудыг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон талаар мэдээлсэн байна. Тэрээр Ормузын хоолойн аюулгүй байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд чухал нөлөөтэй хэвээр байгааг онцолжээ.

Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны ойролцоогоор 20 орчим хувь дамждаг гэж олон улсын эрчим хүчний шинжээчид тооцоолдог. Иймээс тус бүсэд үүссэн аливаа хязгаарлалт нефтийн нийлүүлэлт, үнэ болон дэлхийн эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэлтэй байна.

Сүүлийн өдрүүдэд танкеруудын хөдөлгөөн багассан талаар далайн тээврийн мэдээллийн байгууллагууд дурдсан бөгөөд зарим тээврийн компаниуд маршрутаа өөрчлөх эсвэл хөдөлгөөнөө хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Дэлхийн орнуудын зүгээс Ормузын хоолойн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахыг уриалсаар байна. Ийнхүү Ормузын хоолой бүрэн хаагдаагүй ч сонгон нэвтрүүлэх нөхцөл үүссэн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд тодорхойгүй байдал үүсгээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна