"Хамгийн аюултай дайсан бол гадны колончлогч, эзлэн түрэмгийлэгчид огт биш, харин тэднээс тэжээгддэг эх орон нэгтэн чинь юм шүү" хэмээн Махатма Ганди хэлжээ.
Энэ үг өнөөгийн Монголын хуурамч эх орончдын багийг, үнэн дүр төрхийг хуулсан хатуу сануулга гэлтэй. Чухамдаа гаднынхны гар хөл болж улсаа хорлодог хуурамч эх орончид, хөлсний жагсагчид Монголын жинхэнэ дайсан юм.
Үүнийг бид ялгаж салгаж, хэрсүү байх цаг хэдийнэ болсон. Эс бөгөөс улс орны хөгжлийн томоохон төслүүдийг гацааж, үүнийхээ төлөө авсан шан харамжаар амьдардаг шимэгчид өт мэт өсч үржсээр, хогийн ургамал мэт хороо цацсаар байна. Тэдэнд Монгол хөгжих үү, хүчирхэгжих үү, ард иргэдийн амьдрал сайжрах уу гэдэг огт падгүй. Зөвхөн гадны санхүүжүүлэгчдээсээ авах мөнгө л хэрэгтэй.
Хуурамч эх орончдын гацааж ирсэн олон төслийг дурдаж болно. Эгийн голын усан цахилгаан станц. Анх энэ талаар 1964 онд ярьж эхэлсэн бөгөөд 1991 онд шийдвэр гарч байжээ. Ингээд 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй. Мөнөөх гацаагчдын хорлол. Уг нь Эгийн голын УЦС ашиглалтад орчихвол цагт 606 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ. Ингэснээр ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч импортлохоо больж, дотооддоо хэрэгцээгээ бүрэн хангах юм. Гэвч Байгаль далайд сөргөөр нөлөөлнө хэмээх Оросын талын байр суурь, цаашлаад Монгол дахь гацаагчдын балгаар өнөөг хүртэл хэрэгжээгүй л байна.
Нарийн царигийн төмөр зам, “Хэрлэн говь” төсөл, Багануур, Шивээ-Овоогийн цахилгаан станц, уран олборлох төсөл гээд хөвөрнө. Ураны төсөл гэхэд л 30 жил яригдсаны эцэст өнгөрсөн жил Монгол-Францын хамтарсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж чадсан. Атал нөгөөх л хорлогчид элдэв худал мэдээллээр олон нийтийн тархийг угааж, турхирсаар.
Дээрх жагсаалтад мөн газрын ховор элемент олборлох “Халзан бүрэгтэй” төсөл нэмэгдэж буй. Өнгөрсөн жилээс хөлсний жагсагчдын эсэргүүцлээс эхэлсэн эх орноо хорлогчдын үйлдэл хэдхэн хоногийн өмнө А.Отгонбаатар тэргүүтэй хэсэг бусаг заримдагууд Ховдод очсоноор үргэлжлэв. Хамгийн эмгэнэлтэй нь тархиа угаалгасан нутгийн иргэд. Цаашлаад энэ мэт шантаажаар мөнгөжсөн шуналын бирдүүдийн өмнө Ховдын ИТХ-ын дарга нь бөхийж, цагдаа нь номхон зогсоод тайлбар өгч буй үйлдэл.
Төр ингэтлээ хүчгүй болох гэж үү. Шантаажчдын өмнө төр хүчин мөхөсдөхдөө тулсан гэж үү. Монгол хуультай, төртэй улс гэдгээ ийм хорлогчдод харуулаач ээ.
Үүнийг л ард түмэн чинь харж, хүлээж, хүсэж байна. Бас хатуу шаардаж байна. Монголоо хорлогч хуурамч эх орончдод хариуцлага тооцож чадахгүй бол энэ УИХ, Засгийн газар, хууль цагдаа гэж байгаад яах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна