Төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны асуудлаар Олон улсын валютын сангийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн Дэд захирал ноён Маурисио Сотогоор ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ОУВС-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалин хөлсний бүтцийг оновчтой холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Цаашид төрийн албан хаагчдын цалин хөлсний нэгдсэн тогтолцоог бий болгох, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой салбарын хуулиудаар ялгаатай, харилцан адилгүй тусгагдсан заалтуудыг нэг мөр цэгцлэх, давхардлыг арилгах, шалгуур үзүүлэлт, хамрах хүрээг нэг жишигт нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа талаар мэдээлэл өгсөн.
Түүнчлэн, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийх зорилтыг дэвшүүлж, шинэчлэлийг үе шаттай хийж байна. Цаашид бусад улс орнуудад тулгарч байгаа хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр тэтгэврийн зардал нэмэгдэж байгаа нь Монгол Улсад мөн адил тулгарч эхэлж байна.
Үүнтэй холбоотойгоор тус яамнаас “Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай” болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулж байгааг онцоллоо.
ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ажиллах хугацаандаа Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудад 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна