УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 4 сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан нийт 136 арга хэмжээнээс давхардсан тоогоор 97 буюу 71.9 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 124 буюу 91.9 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 19 буюу 14.1 хувь нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй, 14 буюу 10.4 хувь нь Төрөөс баримтлах бодлоготой, 3 буюу 2.2 хувь нь Үндэсний хөтөлбөртэй тус тус уялдсан бөгөөд нийт 5 бодлого, 18 зорилт, 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар холбогдох яам, агентлагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлэхэд биелэлт 76.7 хувьтай гарлаа. Энэ нь 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилттэй харьцуулахад 25.8 хувиар өссөн байна. Үндсэн чиглэлийн биелэлт бодлогын төрлөөр авч үзвэл макро эдийн засгийн бодлого 81.5 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого 82.2 хувь, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувийн хэрэгжилттэй дүгнэгдсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг иргэдэд хүргэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар М.Оюунчимэг гишүүн тодруулав. Эдийн засгийн бодлогоор дундаж давхарыг тэлэх, хүртээмжийг өрх айлуудад хүргэх чиглэлээр бодитой ажил, санаачилга гаргах шаардлагатай байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хүлээн зөвшөөрсөн. Тиймээс иргэдийг орон сууцжуулах, бизнесийн старт-апыг дэмжих, жижиг дунд бизнесийн зээл, сургалтын зээл зэргийг хөнгөвчлөх чиглэлээр холбогдох судалгаануудыг хийж байгаа гэв. Үүн дээр банкны салбартай нэлээд нягт хамтран ажиллах гарц бий бөгөөд УИХ-аар зарим хуулийн төслийг хэлэлцэж байгаа талаар тэрбээр мэдээлэл өгсөн. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг иргэдэд тэгш хүртээмжтэй байлгах чиглэлийг баримталж ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ. 2016 оны III улирлын байдлаар ажилгүйдлын түвшин 10 хувьтай байсан нь энэ жил 6.7 хувьд хүрч буурсан болохыг хэллээ. Энэ үзүүлэлтийг боломжит хэмжээгээр бууруулахаар дорвитой ажиллах шаардлага бий гэдгийг тэрбээр онцолсон. 2018 онд 43.105 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн албаар зуучлан ажлын байртай болгосон бөгөөд үүний 27.146 нь шинээр бий болсон ажлын байр юм байна. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг хоёр удаа нэмэгдүүлсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тэмдэглэв.
2014 оноос хойш нэмэгдээгүй байсан төрийн албан хаагчдын цалин, хөлсийг жил гаруйн хугацаанд хоёр ч удаа бодитой нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 916.000 төгрөгт хүрсэн нь 2016 оныхоос 27.5 хувиар нэмэгдсэн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бодит үр дүн гарч байгаа хэмээн хэллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар төрийн албаны ажлын байрны зургийг тодорхойлж, оновчтой болгох чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар сонирхлоо. Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран төрийн албаны ажлын байрны зураглалыг хийсэн бөгөөд төрийн албан хаагчдын нийт тоонд төрийн захиргааны албан хаагчдын эзлэх хувь маш бага байгааг хэллээ. Харин төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо зонхилж байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд дуулгаад, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тогтолцооны хувьд оновчтой шилжилт хийх шаардлага бий гэдгийг хэлж байв. Мөн чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг тогтвортой байлгах, шатлан дэвших зарчмаар хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохих түвшин байлгах, орон нутгийн квотыг харгалзах, гадаадад боловсрол, мэдлэг эзэмшсэн ур чадвартай боловсон хүчнийг төрийн албанд ажиллуулах гэх зэрэг чиглэлээр судалгаа хийж байгаа гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлттэй холбогдуулан үг хэлсэн юм. “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна