2025/07/31

Аадар борооны улмаас 30 хүн амь насаа алдаж, 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

info@inder.mn
Өчигдөр 10 цаг 46 минут

Усархаг ширүүн борооны улмаас Бээжин хотын 80 332 оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн тухай Хятадын төв телевиз мэдээлэв.

Хотын хойд захад орших Миюнь, Хуайжөү, баруун өмнөд хэсгийн Фаншань дүүргүүдэд хамгийн олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Бээжинд үргэлжлэн орсон аадар борооны улмаас 30 хүн амиа алдсан гэж Хятадын төв телевиз өмнө нь мэдээлсэн байна. Миюнь дүүрэгт 28 хүн, Яньцин дүүрэгт 2 хүн амиа алджээ.

Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос үерийн дараах сэргээн босголтод зориулж Бээжинд 200 сая юань (27.8 сая орчим ам.доллар) хуваарилжээ. Өмнө нь Хятадын удирдагч Ши Жиньпин төрийн байгууллагуудад хандан үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн уршгийг арилгах чиглэлд дорвитой ажил хийхийг уриалсан байна.

Хятадын эрх баригчид Бээжинд болсон үерийн гамшигтай тэмцэх зорилгоор хамгийн өндөр түвшний хариу арга хэмжээг эхлүүлжээ. Хятадын хойд нутагт Чаобай мөрний сав газарт долоодугаар сарын 24-нөөс хойш ширүүн бороо орж, улмаар Бээжингийн зүүн хойд захад орших Миюнь дүүргийн голын сав газар руу ирэх усны урсгал огцом нэмэгдсэн тухай "Синьхуа" агентлаг өмнө нь мэдээлжээ. Долоодугаар сарын 27-нд Миюнь дүүргийн сав газарт цутгасан усны хэмжээ нь сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Хотын эрх баригчид нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдийг голын эрэг орчмоор явахаар зайлсхийж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна. 

Бээжинд 2023 оны долоодугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр орж байсан аадар борооны улмаас 11 хүн амиа алдаж, нийслэлийн 13 дүүрэгт 44 мянга гаруй хүн хохирч, хэдэн зуун мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж байжээ.

Эх сурвалж:montsame.mn 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна