Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.
Тухайлбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэлээ.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2020 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар тухайн үед дөнгөж томилогдоод байсан Якоб Стаусхольмтой цахим уулзалт хийж, “Оюу толгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгээ илэрхийж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар ч мөн байр сууриа нотлон хэллээ. Одоо Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа юм.
Нийтэлсэн: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна