Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб Лхагва гараг бүр мэдээлэл өгдөг уламжлалтай.
Тус штабаас өчигдөр өгсөн мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.
Тэрбээр “Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Биоаюулгүйн лабораториос гаргасан хамгийн шинэ мэдээллээр Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна.
Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна. Тухайлбал Омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт эргэн шилжих. Үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна гэжээ.
Харин онцгой анхааруулж байгаа зүйл нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх, халдвар авсан өвчинтэй ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгах нь зүйтэй. Эдгээр аргууд нь Омикрон хувилбарын дэгдэлтийг удаашруулах, халдварын оргил үеийг хойшлуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм гэсэн судлаачдын нэгдсэн судалгаа гарчээ.
Иргэд үүргээ ухамсарлан өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвараас хамгаалах дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна.
ГХЯ болон гадаадад суугаа Элчин сайдын яамд олон улсын судалгааны байгууллагуудын мэдээг нэгтгэж УОК-ын Шуурхай штабт өдөрт хоёр удаа өгдөг. Одоогийн байдлаар халдварын нөхцөл байдал хуучин хэвийн байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна