Улсын хэмжээнд 16 аймгийн 98 сумын 181 голомтод шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Эдгээр голомтод шүлхий өвчний ил шинж тэмдэгтэй 22,300 мал бий. 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад шинж тэмдэгтэй малын тоо 10 гаруй мянгаар цөөрсөн гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 11 аймгийн 32 сумын 75 голомт бүрэн цуцалжээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхан "Сар шинийн баяртай холбогдуулан хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Улмаар өвчний тархалт нэмэгдэх хандлага бий болсныг иргэдэд анхааруулмаар байна. Шүлхий өвчний шинж тэмдэг малд нь илэрсэн тохиолдолд мал эмнэлэгт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Өвчнийг эрт илрүүлэх тусам халдвар өргөн хүрээг хамрахаас урьдчилан сэргийлж чадна" гэв.
ШҮЛХИЙ ӨВЧИН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар "Халдвартай мах идэж байна, шүлхийтэй мах худалдаалж байна гэх зэрэг мэдээлэл цахим орчинд түгж байна.
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хуурай газрын амьтны кодод зааснаар шүлхий өвчин туссан малыг шинж тэмдэг нь арилаад 28 хоносны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Ингэхдээ дулааны аргаар боловсруулах, боловсруулалтад зориулсан аргаар худалдахыг зөвшөөрдөг юм. Үүнд сөрөг заалт байдаггүй.
Гол нь антибиотикийн үлдэгдэл бий юу гэдгийг тандах ажил хийгдэж байгаа. Түүнээс шүлхий өвчнөөс болоод хүний эрүүл мэндэд сөрөг, аюултай байдал үүсэхгүй" гэлээ.
БИЧЛЭГ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна