2024/03/29

"Мөнгөн мод 2021" ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

info@inder.mn
2022/03/24

"Мөнгөн мод 2021" ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээгээр бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 2020, 2021 онуудад өөрийн оюун санаа, сэтгэл, мэдрэмжээр бүтээн туурвиж буй шилдэг 12 уран бүтээлч болон 12 уран бүтээлийг тодрууллаа.

Авьяас билэг, уран сэтгэмжээрээ хосгүй бүтээл туурвин үзэгч олны хүртээл болгосон нийт уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе!

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг жүжигчнээр "Буруу өрөг" киноны гол дүрээрээ Фантастик Продакшн - Fantastic Production-ийн жүжигчин Б.Барслхагва тодорлоо.

"Мөнгөн мод 2021" наадмын тайз дэлгэцийн шилдэг хөгжимчнөөр Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн шалгарлаа.

Түүний лимбэ хөгжимд зориулсан “Ханхөхийн Уянга” тоглолт болон үндэсний өв соёлоо түгээн сурталчилсан цуврал контентууд хийж хэрэгжүүлсэн мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Leadership Award 2021” шагнал авсан амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олгож байна.


"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг дуучнаар Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар шалгарлаа.

Түүний “Миний захидал”, “Итгэл” цомгууд болон “Special Night with Naagii”, “Valentine’s with Naagii” тоглолтуудаараа олны таашаалыг хүртсэн амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олголоо.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг судлаачаар СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс тодорлоо.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз, дэлгэцийн зохиолчоор судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн жүжгийн зохиолч С.Дулам тодорлоо.

"Мөнгөн мод 2021" наадмын тайз, дэлгэцийн шилдэг бүжигчнээр Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр тодорлоо.

Түүний Солонгос, Хятад, Австрали, Дани улсад зохион байгуулагдсан Олон Улсын бүжигчдийн уралдааны тэргүүн байр, “Босоо цагаан гурвалжин” орчин үеийн бүжгийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олголоо.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг удирдаачаар ҮУИТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар тодорлоо.

Түүний төрийн хүндэтгэлийн тоглолт, Үндэсний их баяр наадмын нээлт болон концерт, 100 жилийн хүндэтгэлийн тоглолт, “Сэрсэн тал 37” хүндэтгэлийн тоглолтуудыг удирдсан амжилтыг үнэлж “Мөнгөн мод 2021” цомыг олголоо.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг продюсерээр Gertoon анимейшн студийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил тодорлоо.

Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулж адал явдалт 35 үлгэрийн сургамжаар аялуулсан 48 ангит “Мөнх тунх” анимейшн бүтээлийг үзэгч багачуудын хүртээл болгосон амжилтыг үнэлж “Мөнгөн мод 2021” цомыг олголоо.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн хөгжмийн зохиолчоор “Анна Каренина” жүжиг болон “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шалгарлаа.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг найруулагчаар “Альфа” театр, “Орфей” театрын ерөнхий найруулагч М.Батболд шалгарлаа.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн зураачаар “Шүүдэр” продакшны “Хотолун гүнж” болон "Орфей" театрын “Гэм зэм” жүжгийн зураач Л.Батбилэг тодорлоо.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн бүжиг дэглээчээр “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжгийг найруулж Монгол улсын урын санг шинэлэг өвөрмөц дэг найруулга бүтээлээрээ баяжуулсан амжилтыг үнэлж найруулагч Д.Баярбаатар тодорлоо.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна