2024/03/29

НМХГ: Болц нь гүйцээгүй хуш модны самрыг түүж хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна

info@inder.mn
2022/08/11

   Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан.

   Хуш модны самрыг тухайн оны 10 сарын 15-наас дараа оны 3 сарын 10-ний хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой бөгөөд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх хэмжээ, хугацааг аймаг сум бүрээр холбогдох журмын дагуу тухайн жилийн самрын нөөцийг тогтоосон байдаг.

  • Болц нь гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь доорх эрсдлийг дагуулдаг.

     1. Болц /түүхий/ гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, амархан үржиж хуримтлагддаг мөн шавьж түүний авгалдайгаар бохирддог байна.

       Иргэн ахуйн нөхцөлд самрыг гараараа цөмж иддэг учир давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдана. Үүний улмаас халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсэх аюултай.

     2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдэлтэй.

     3. Хуш модыг механик аргаар хүчтэй гэмтээснээр модны гол ишний модлог ихээхэн гэмтэж улмаар физиологийн хаталт өгөх, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих, ойн байгалийн сэргэн ургалт хангалтгүй явагдаж цаашид байгалийн аясаар тэлж ургах нөхцөл хязгаарлагдмал болоход хүргэж тухайн ойн 80-90 хувь хатах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагаас гаргасан байна.

  • Иймээс болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэхгүй мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулж, худалдаалж байгаа самрыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна !
  • Хариуцлага: Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна