Жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдөр тохиодог Дэлхийн хүнсний өдрийг угтан “Хүнсний аюулгүй байдал-Тогтвортой үйлдвэрлэл 2022” эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Ази тивийн сүүний түншлэл, Монголын хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах нар оролцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээлтийн үеэр “Хэдийгээр бид цар тахал, олон улсын хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлт, үнийн өсөлт зэрэг олон шалгууртай нүүр тулж байгаа ч Дэлхийн хүнсний өдрийг “Хэнийг ч ардаа үлдээхгүй” уриатайгаар тэмдэглэж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний аюулгүй байдал-тогтвортой үйлдвэрлэл” эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдлыг илүү тодотгож байна” гэсэн юм.
Тус бага хуралд 13 оюутан, 16 судлаач оролцож,
Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мөн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой.
Төрийн бодлого, шийдвэр тооцоо судалгаанд суурилсан байх учиртай. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, судалгааны ажлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны ажлын үр ашгийг дээшлүүлэх, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа, туршилт, инкубаци, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дамжуулах, сурталчлах нь чухал юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна