2024/11/22

Цэцэрлэгийн багачууд гимнастикийн спортоор ур чадвараа сорилоо

info@inder.mn
2023/05/04

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээн нь 1973 оноос хойш тасралтгүй 48 дахь жилдээ зохион байгуулагдаж буй.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилсэн анхан шатны тэмцээнд есөн дүүргийн 88 цэцэрлэгийн 2640 хүүхэд оролцсон. Үүнээс хоёрдугаар шатанд найман дүүргийн 16 цэцэрлэгийн 480 гимнастикч авьяас чадвараа сорин өрсөлдөв.

Тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэг тэргүүн байр эзэлж, цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм. Харин хоёрдугаар байранд Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэг, гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн 146, Чингэлтэй дүүргийн 154 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа. Түүнчлэн тэмцээнд оролцсон хүүхэд багачуудыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан юм.

Мөн оролцсон цэцэрлэгүүдийг “Ур чадвар”, “Өхөөрдөм”, “Хувцаслалт”, “Шилдэг хэмнэл”, “Үзэгчдийн таашаал”, “Хамтач баг” гэсэн зургаан номинацид шалгаруулж, шагнал гардуулдаг уламжлалтай. Тодруулбал, “Ур чадвар” номинацид Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг, “Өхөөрдөм” номинацид Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, “Хувцаслалт” номинацид Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэг, “Шилдэг хэмнэл” номинацид Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэг, “Үзэгчдийн таашаал” номинацид Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг, “Хамтач баг” номинацид Чингэлтэй дүүргийн 126 дугаар цэцэрлэг шалгарлаа.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг хоёр жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан, заах арга зүйн ур чадвар дээшлүүлэх ажлыг тогтмол хийдэг. Түүнчлэн жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага өсөн нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна