2025/05/11

Украины “үр тарианы санаачилга” хэлэлцээрийг дахин 2 сараар сунгав

info@inder.mn
2023/05/19

Украины үр тарианы хэлцлийг сунгах асуудлаар талууд тохиролцоонд хүрч чадсан байна. Дэлхийн хүнсний хангамжид чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа энэ хэлэлцээрийн хүчинтэй хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байсан юм. Тэгвэл энэ хэлэлцээнд зуучлагч Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган хэлцлийг дахин 60 хоногоор сунгахаар болсныг өчигдөр Анкарад мэдээлсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган “манай улсын хүчин чармайлтын ачаар, оросын нөхдийн дэмжлэгтэйгээр, мөн Украин нөхөд маань хувь нэмэр оруулснаар Хар тэнгисийн үр тарианы хэлцлийг 2 сараар сунгах шийдвэрт хүрлээ” мэдэгджээ. Оросын ГХЯ мөн хэлцэл сунгагдсаныг нотолж, “үүний дүнд дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад бодитой туслах боломж бүрдэж байгааг” мэдэгдэлдээ дурьдсан байна. Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тариа болон ХАА-н бүтээгдэхүүнийг нь Африк, Ойрхи Дорнод, дэлхийн бусад бүс рүү экспортлох зорилготой хэлэлцээрийг сунгах хэлэлцээ НҮБ болон Туркийн зуучлалаар явагдсан. Оросын тал хэлэлцээрийг сунгах болзол болгож нэмэлт шаардлагууд тавьснаас асуудал сүүлийн мөч хүртэл сунжирчээ. Оросын удирдагчид Өрнөдийн хоригуудын улмаас ХАА-н бүтээгдэхүүн, бордооны экспорт нь саатах болсонд гол гомдоллодог байна. Улмаар өөрийнх нь бордоо бусад бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх тусгай шаардлагууд тавьж байсан.

Гэхдээ ямар нөхцөлөөр Москва хэлцлийг сунгах тохиролцоонд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраков үр тарианы коридор 7-р сарын 18-н хүртэл нээлттэй байхаар болсныг батлаад, энэ санаачилга “үр дүнтэй ажиллана” гэж найдаж байгаагаа “Facebook” хуудсаараа мэдэгджээ. Түүний мэдээлснээр, үр тарианы хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Украинаас 30 сая тонн ХАА-н бүтээгдэхүүн экспортод гарсан байна. НҮБ мөн, “Үр тарианы хэлэлцээр” хэрэгжсэний дүнд хэдэн зуун сая хүн өлсгөлөнгийн аюулаас аврагдсан гэж мэдэгддэг. НҮБ-ын енбд Антонио Гутерреш сая хүрсэн тохиролцоог “дэлхий дахинд сайн мэдээ боллоо” гэж үнэлсний зэрэгцээ “шийдэгдээгүй асуудлууд байсаар байгааг тэмдэглэсэн байна. Тэрээр ”Украины экспорт дэлхийн хүнсний хангамжийн сүлжээнд “аюулгүй, оновчтой” очих нөхцөлийг талууд бүрдүүлэх шаардлагыг онцолжээ. Украин дэлхийн үр тарианы гол нийлүүлэгч орны нэгт тооцогддог.

Гэвч 2022 оны 2-р сард оросын цэргийн халдлага дайралт эхэлсний дараагаас Украины Хар тэнгисийн боомтууд оросын бүслэлтэд орсноор үр тарианы нийлүүлэлт нь зогссон. Украины үр тариа, эрдэнэ шиш, наранцэцгийн тосны нийлүүлэлт зогссоноор дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэн өнгөрсөн оны 7-р сард Хар тэнгисийн боомтуудыг сэргээх хэлэлцээ үр дүнд хүрч, “Үр тарианы тусгай коридор” байгуулах хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш энэ хэлэлцээр хэд хэдэн удаа сунгагдаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна