Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо.
Хууль эрх зүй, бодлого үйл ажиллагааг сайжруулах, Хүүхдийн байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгаалал ажиллах орчныг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр болон тулгамдсан асуудлын талаар хүүхдийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд саналаа илэрхийлсэн.
Тухайлбал, хүүхдийн асуудалд огт хамааралгүй салбар гэж байхгүй. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг салбар хоорондын оролцоо уялдааг хангах, хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, хүүхдийн зуслан өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, гэр бүл хүүхэд хөгжлийн цогцолбор төв байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй талаар оролцогчид санал хэлсэн.
Уулзалтын төгсгөлд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх, Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулах, Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх, 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Эх сурвалж: ХНХЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна