АНУ Украинд хагас сая долларын өртөгтэй тусламжийн шинэ багц илгээхээ зарласан байна.
Пентагоны албан ёсны мэдээллээр бол энэ багцад 55 хуягт машин, пуужин, их бууны сум болон бусад зэвсэг хэрэгсэл багтжээ.
Мөн ирэх намраас Украинд “Абрамс” танкууд нийлүүлэх хэвээрээ гэдэг байр суурийг Пентагоны албан ёсны төлөөлөгч нотолсон байна.
Шинэ багц тусламжид багтсан зэвсэг техник Украины талаас эхлүүлсэн сөрөг давшилтыг амжилтад хүрэхэд тус дөхөм үзүүлнэ гэж үзэж байгаагаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.
2021 оны наймдугаар сараас хойш Пентагоны нөөцөөс Украинд олгож байгаа 41 дэх удаагийн энэ багцад Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчинд дэмжлэг болох нэмэлт сум хэрэгсэл, хуягт техник, их буу, бөөнөөр галлах тийрэлт системүүд болон танк эсэргүүцэх цогцолборууд, мөн пуужин сум хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж багтсан гэж мэдээлж байна.
Тухайлбал, “Брэдли” явган цэргийн байлдааны машин 30 ш, “Страйкер” хуягт тээвэрлэгч 25 ш, “Хаймарс” системийн пуужингууд зэрэг зэвсэглэл багтжээ.
Шинэ багц тусламжийн талаар мэдээлэл хийсэн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пэт Райдер Украиныг өөрийн улсын тусгаар эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд АНУ гол анхаарал хандуулсан хэвээр байх болно гэдгийг онцолж байжээ.
Үүний зэрэгцээ Украинд ирэх намраас ”Абрамс M1-A1” танкууд нийлүүлэх хэвээр гэдгээ АНУ нотолсныг “ТАСС” мэдээндээ онцолсон байна.
Энэ үүднээс Украины цэргийн албан хаагчдын сургалт, 31 ш “Абрамс” танкны засварын ажил гэсэн хэд хэдэн үйл явц зэрэг явагдаж байгаа талаар Пентагоны төлөөлөгч мэдээлснийг дурджээ. Тэрчлэн энэ сарын дундуур Пентагон зуны төгсгөл гэхэд Украины 200-аад цэргийн албан хаагч “Абрамс” танкийг тулааны талбарт ашиглах сургалтад хамрагдаж дуусна гэж мэдээлж байсныг “Тасс” дурдсан байна.
Тэнд мэдээлснээр Вашингтоноос Киевт амласан 31 ш танкийн засвар үргэлжлэх хугацаанд Украины цэргүүд Германд сургалтын тусгай танкууд дээр бэлтгэл хийж буй юм байна.
Энэ зуур Украины Донецк мужийн Краматорск хотын төвийн хүн олонтой хэсэгт өчигдөр орой өгсөн пуужингийн цохилтын улмаас амь үрэгдсэн хүний тоо сүүлийн мэдээгээр, ес болж нэмэгдсэн, 60 хүн гэмтэж бэртсэн мэдээтэй байна.
Амь үрэгдэгсдийн гурав нь 14-17 насны хүүхдүүд байгаа тухай BBC, Aljazeera зэрэг олон улсын агентлагууд мэдээлж байна.
Оросын томоохон хэвлэлүүд энэ пуужингийн талаар одоо хэр мэдээлэл хийгээгүй. Харин эрх баригч Нэгдсэн Орос намын депутат Евгений Попов Британийн “Скай ньюз” телевизэд ярихдаа "Энэ дайны явцад харамсалтай нь Орос, Украины аль алинд энгийн иргэд амь эрсдэх тал бий. Харин Краматорскт болсон халдлагын тухайд Оросын цэрэг иргэний дэд бүтэц рүү дайрдаггүй гэдгийг дахин хэлэх байна” гэж мэдэгджээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна