Анх 1985 онд Пап лам Жон Паулын санаачилгаар Ватиканы Католик сүмээс зохион байгуулж эхэлсэн Дэлхийн залуучуудын өдөрлөг энэ жил Португал улсын нийслэл Лиссабон хотод болж өндөрлөлөө. 3-4 жил тутамд зохион байгуулагддаг энэхүү баярын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган хүн Ромын Папыг харах гэж, католик шашны сүм хийдээр зочлох гэж, мөн итгэл үнэмшил нэгтэй бусад орны залуустай уулзаж, танилцах гэж нэг доор олноороо хуран цуглардаг. Тэгвэл 2027 онд болох Дэлхийн залуучуудын өдөрлөг Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотод зохион байгуулагдана гэдгийг Пап энэ жилийн баярын хаалтын үеэр зарласан байна. Энэ жилийн Дэлхийн залуучуудын өдөрлөг 8-р сарын 1-ээс 8-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа. Ромын Пап 8-р сарын 2-ны өдөр Лиссабонд газардсаныг 400 мянга орчим залуус үзэхээр хуран цугласан байна. Харин сүүлийн өдөр гэхэд нийт нэг сая таван зуун мянга орчим итгэгч Лиссабоны төв талбайд цуглаж, энэхүү баярын хаалтыг үзэхээр хүлээж байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан итгэгчдээс гадна Католик сүмийн 700 гаруй хамба лам, 10 мянга гаруй санваартан хүрэлцэн ирсэн гэсэн мэдээлэл байна. Хаалтын ёслолын үеэр Пап Францис Португалд хийсэн 5 өдрийн айлчлал, энэ жилийн Дэлхийн залуучуудын өдөрлөгийн талаар сэтгэгдлээ хуваалцсан байна.
Мөн дараагийн Дэлхийн залуучуудын өдөрлөг 2027 онд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод зохион байгуулагдана гэдгийг зарласан. Тавин жилийн өмнө л гэхэд Өмнөд Солонгосын нийт хүн амын нэг хувь нь л Католик шашинтай гэсэн тоо баримт байсан бол өнөөдөр Өмнөд Солонгосын 50 сая гаруй хүн амын арван хувь нь Католик шашин шүтдэг, жил бүр 100 мянга гаруй хүн сахил хүртдэг гэсэн судалгаа байдаг. Жил ирэх тусам Католик шашны өлгий болсон Европын орнуудад уг шашныг дагагч иргэдийн тоо улам багасаж байгаатай харьцуулахад Азид Католик шашин улам дэлгэрч байгааг энэ тооноос харж болно гэдгийг Ватиканы төлөөлөгчид хэлж байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна