2024/10/04

С.Насан-Урт: “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг цахим хэлбэрт шилжүүлэх гэж байна

info@inder.mn
2023/09/01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрмонголын Их сургуулийн харьяа ӨМӨЗО-ы Зүүн Хойд Азийн хэлний эх баялгийн төвийн захирал С.Насан-Урттай 2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын үеэр уулзаж ярилцсан юм.

-Та өөрийнхөө талаар товчхон танилцуулаач?

-Би Өвөрмонголын Их сургуульд 40 орчим жил ажиллаж байна. Нэг хэсэг ӨМӨЗО-ы Засгийн газарт ажиллаж байсан ч тэнд ажиллах нь надад тийм их сонирхолтой санагдаагүйн дээр манай сургуулиас сургуульдаа ажиллаж судалгаагаа хийгээч гэж санал болгосон учраас одоог хүртэл тэндээ байна.

-Монгол хэл бичиг судлах эрдмийн ажлыг та нэлээд эртнээс эхлүүлсэн байх?

-Тийм ээ. Олон жилийн өмнө би 30 гаруй орны залуу эрдэмтэд цугласан Залуу монголч эрдэмтдийн зуны сургуульд оролцсон юм. Ш.Чоймаа, С.Дулам, Ц.Өнөрбаян гээд мундагуудтай нэг танхимд сурч байлаа. Тэр үеэс монгол судлал, ялангуяа монгол хэл бичиг судлалыг тал талаас нь хэрхэн яаж хийх вэ гэдгийг, ер нь хэл судлал гэдэг зүйл хэлний хэрэглээнд хэрэгтэй юм уу, үгүй юу гэдгийг тусгайлан анхаарч үзэх болсон юм. Хүмүүсийн хэлний төрөлх чадавх болоод хэлний соёл хөгжил хоёрын аль нь илүү хэрэгцээ шаардлагатай байдаг юм бэ гэдэг их сонин асуудал л даа.

-Хэл шинжлэл, хэлний судалгаа бол ямар ч улс үндэстний хамгийн чухалд тооцож явах зүйлсийн нэг байх?

-Орчин цагийн технологийн хөгжил дээд цэгтээ хүрч байна. Хиймэл оюун ухаанаар орчуулга хийлгэх, зохиол бичүүлэх, зураг дүрс үүсгэх гээд юу хүссэнээ хийлгэдэг болчихлоо. Энэ бүхний гол хэрэглэгдэхүүн нь хэл. Гэхдээ чухам хэлний юу нь энэ шинэ технологид хэрэглэгдэж, хэл юуг нь шийдэж өгч байгаа юм бэ. Бидний үсээ түүж, ясаа мөлжиж хийж байгаа энэ судалгаа хэлний хэрэглээнд хэрэгтэй юм уу үгүй юм уу гэдэг олон асуулт эрдэмтдийн өмнө гарч ирж байна. Бидний хийсэн зүйл, судалсан ном хэрэв хэрэгтэй бол ядаж ямар юманд хэрэглэж болж байна вэ.  Эцэст нь хүн төрөлхтөн хэлээ чухам яах гэж байгаа юм бэ. Зүгээр л машины эд анги болгоод хаячих гээд байгаа юм уу гэх мэт хэлний энэ том том асуудлуудыг одоохондоо авч ярилцахгүй байна. Ерөөс хэл шинжлэл өнөө цагт маш их шалгалт дунд байна. Энэ асуудлыг зүгээр нэг хуралдаж ярилцаад авч хэлэлцэх нь хангалттай биш. Жишээ нь, монгол хэлний тодорхой нэг үг жинхэнэ уугуул монгол хэлнийх үү, эсвэл гадаад хэлнээс орж ирсэн үг үү. “Суух” гэдэг үг л гэхэд ямар гаралтай, хэрэв гаднаас авсан бол өмнө нь суух гэдгийг ямар үгээр илэрхийлж байсан, аливаа нэг үгийг заавал өөр үндэстний хэлнээс зээлдэж авах хэрэгтэй байсан уу гэх мэтийн асуултуудад хариу олох нь бидний ажил. Гэтэл бид нэг үг, нэг үгний нөхцлийн гарал үүслийг нь тогтоогоод, ширхэгчлээд судалчихлаа гэхэд хэлний хэрэглээ нь өөрөө ертөнцийн хязгаарт хүрчихлээ. Одоо хэл шинжлэл орчин үеийн хэлний технологийг гүйцэж хөгжинө гэдэг бараг худал болчихоод байна. Ийм учраас хэл шинжлэлийг яаж хийх, монгол хэл судлалыг яаж хөгжүүлэх, судлаад яг ямар асуудал шийдэх юм бэ гэдгийг бид одоо л анхаарах хэрэгтэй болчихлоо.

-Тэгвэл бид хэл шинжлэлд анхаарснаараа юуг шийдэх юм бол?

-Аливаа үндэстэн өөрийн хэлний хөгжлийн жолоог гартаа барьж чадахгүй юм бол тэр үндэстэн мандаж хөгжих, хэл соёл нь сайн сайхнаараа цааш явна гэдэг боломжгүй зүйл. Хөгжлийн жолоог гартаа барина гэдэг нь нэг талаасаа улс төрийн хэллэг мэт боловч хэл өөрөө улс төрөөс бүр цаана, бодитой оршдог бүхэл бүтэн систем юм. Түүнийхээ жолоог яаж барих вэ гэдэг маш том агуулга. Монгол Улсын төрийн хэлний цахим сан гэдэг зүйлийг байгуулбал эрдэмтэн судлаачид хүч оюунаа зориулаад хамтраад ажиллах нь тодорхой. Гол нь зөв зүйтэйг нь ойлгож, ойлголцох л чухал.

-Хэлний жолоог хэн барих ёстой вэ?

-Хэлний жолоог барина гэдэг нь бүх монголчуудын асуудал. Гэхдээ хамгийн чухал үүрэг гүйцэтгэх нь төрийн бодлого, эрдэмтдийн хүчин зүтгэл хоёр.

- Монгол хэлийг бүрэн бүтэн байлгахад цахимжуулах ажил хэр их үүрэг гүйцэтгэх юм?

-ШУА-ийн эрдэмтэдтэй хамтраад Монгол Улсад Монгол Улсын төрийн хэлний цахим санг байгуулах ёстой гэдгийг 2008 оноос эхлэн бичсэн. Төсөл ч бичсэн, ноороглосон. Миний хэдэн үеийн шавь нар түүнийг шинэчлээд сайжруулаад явж ирсэн. Үндэсний хэлний, төрийн хэлний цахим сангүй улс орон гэж бидний эргэн тойронд лав байхгүй. Хэдэн арван жилийн өмнөх мэдээллүүдээ цахим санд оруулж чадсан бол тэр нь тухайн хэлний хөгжлийг харуулж байгаа нэг хэлбэр гэж үзэх үе ирчихлээ.

Хэлийг хүний мэдрэхүй, сэтгэхүй, хэл зүй, утга зүйн талаас нь математикийн аргаар загварчилж чадвал бид нэлээд том асуудлыг шийдэх гээд байгаа юм. Хэдий үеэс ямар үг хэрэглээнд орж, хэзээ хэрэглээнээсээ шахаж гаргасан бэ гэдгийг тооны ухааныг ашиглан судлах маш чухал. Жишээ нь, 2023 онд ямар ямар гадаад үг орж ирж байна, хэдий үеэс ямар монгол үгийг шахаж гаргах гээд байна вэ гэдгийг урьдчилан олж мэдэх боломжтой судалгааны ажил хийгдэж байх нь хэрэгтэй. Хэлний жолоо гээч юмыг ингэж атгаж, үүнд чиглэсэн бодлоготой байх ёстой. Хэлний жолоог барина гэдэг нь хэлнийхээ хөгжил, хувирлыг тасралтгүй харж явна гэсэн үг. Энэ бол өдөр шөнөгүй, энд тэндгүй хүмүүсийн хэл яриаг чагнаад явах тухай ярьж байгаа хэрэг биш. Тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, ном бүтээлүүдэд гарсан зүйлсийг өөрийн сандаа байршуулаад түүнийгээ суурь бааз болгон ашиглаж судлах тухай асуудал юм.

-Гадаад үгсийн хэрэглээ нэмэгдэх, хэрэглээнд байсан үгсийг гадаад үгс шахаж гаргах нь тухайн улс үндэстний хэл ярианд хэр их аюултай байх вэ?

-Хэл шинжлэлийн эрдэмтэд жишээ нь, 2010 онд монгол хэлний үгсийн санд байсан үгс 2020 он хүртэл ямар үгсээр баяжигдсан хийгээд ямар ямар үгс хасагдсан, юунаас болж нэмж хасагдсаныг хүртэл нарийвчлан судалж байдаг. Тэдгээр үгсийн хэрэглээнд орж ирсэн, хэрэглээнээс гарсан шалтгаан нь улс төрийн болоод нийгмийн шалтгаантай юу гэдгийг тус бүрт нь ялгаж салгана. Нэг хэсэг монголчууд оросоор их ярьдаг байв. Олон орос үг хэрэглээнд орж ирсэн. Тухайлбал, “электрон” гэдэг үг яван явсаар “цахим” гэдэг монгол үг болчих жишээтэй. Энэ хувирал улс төрийн ямар ч шалтгаангүй. Гэтэл зарим үгс улс төрийн шалтгаанаар хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг үеийн онцлог, нийгэмд давамгай байсан нэг үйл хэргийг дагаж хэрэглээнд орж ирсэн үг цагийн аясаар хэрэглээнээс гараад алга болчих нь ч бий. Гадаад үгсийн тухайд ихэвчлэн нэр үг орж ирдэг. Жишээ нь “принтер” гэдэг нэр үг орж ирээд “принтлэх”, “канон” гэдэг үг явцын дунд “канондох” гэдэг үйл үг болчихсон. Энэ нь “хувилах, хуулах” гэдэг жинхэнэ өөрийн хэлний үгийг шахаж гаргах аюултай.

-Та удахгүй Монгол Улсад компьютер хэл шинжлэлийн лаборатори байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ лабораторийг яагаад байгуулах болсон бэ?

-2012 онд бидний хэсэг нөхөд Монголын уран зохиолын дээжис 108 ботийн цахим сан хийсэн. Олон эрдэмтэн бараг л сайн дураараа надтай хамтарч хийлцсэн дээ. Хэн нэгний, ямар нэгэн байгууллагын тусламж дэмжлэг, ажлын байр сав байхгүй, ёстой л бор зүрхээрээ, сайн дураараа, чин сэтгэлээсээ зүтгэсэн. Тэр үеэс л лаборатори байгуулъя гэсэн санаа гарсан юм. Энэ санааг ганц би гаргаагүй. Тухайн үеийн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, энэ төрлийн лаборатори байгуулбал ажил илүү урагштай болох юм байна гэж ярилцаж санаачилга гаргалцаж байсан юм. Ингээд 2012 оноос энэ ажлаар хөөцөлдөж эхэллээ. Хамгийн түрүүнд энэ лабораторийг ямар түвшинд байгуулбал зохилтой юм бэ гэдэг асуулт гарсан. ШУА-ийн түвшинд байгуулах уу, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн түвшинд үү, эсвээс Хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжлэлийн салбарын түвшинд байгуулах уу гэдгийг хүртэл нарийн тооцох шаардлагатай юм билээ. Мөн Монгол, Хятад хоёр орны төрийн түвшинд авч үзэх юм уу, эс бөгөөс ӨМӨЗО-ы түвшинд хэлэлцэж ярих юм уу гэж маш нарийн анхааралтай шийдэх асуудал л даа. За ингээд байгууллаа гэхэд юу юу хэрэгтэй байх юм бэ, ямар ямар тоног төхөөрөмжтэй байх юм гэдэг тооцоог нь гаргасан. Энэ төсөл маань цар тахлаас шалтгаалаад зогссон байсан. Одоо харин бараг хувийн шугамаар, найз нөхөд, нийгэм нийтээсээ тусламж дэмжлэг аваад хийхээр болж байна. Хятадын томоохон их сургуулиуд миний энэ ажлыг ихээхэн дэмжиж байгаа. Тэд технологи, мэдээлэл зүйн талаас дэмжиж байгаа нь нэг талын томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм. Одоохондоо дэлхийн жишигт хүрэх хэмжээний биш ч Монголынхоо хэмжээнд шинэ зүйл байгуулна гэдэг чухал. Уг нь энэ ажил дэлхийн улс орнуудад өнгөрсөн зуунд хийгдчихсэн, шинэ зүйл биш. Манай Монголд арай л хожимдоод байгаа. Шинжлэх Ухааны Академиас лабораторийн өрөө, хоёрын зэрэг ажлын орон тоо гаргаж өглөө. Ерөнхийдөө суурь нь тавигдчихлаа.

-Энэ лабораторид яг ямар ажил хийнэ гэсэн үг үү?

-Эхний ээлжинд бид 100 сая үгтэй сан байгуулна. Интернэтээс хэчнээн ч үг татах боломжтой олон үгтэй сан байхдаа гол биш, харин цэгцтэй байх ёстой. Тийм учраас мэргэжлийн түвшний хүмүүсийн оролцоотойгоор сургалт судалгаанд зориулж нийтийн хүртээл болгох зорилготой. Мөн монгол хэлийг дэлхий нийтийн харилцаанд оролцдог хэл болгох зорилгоор олон хэлний толь бичиг хийнэ. Үгүй ядахдаа л Зүүн Хойд Азийн таван хэл, мөн англи хэлний хөрвүүлэг хийдэг толь бичиг хийнэ. Нэг их том биш ч хэрэглэгддэг давтамжаар нь хамгийн чухал гэсэн үгсийг голлож авна. Бид хүүхдэд зориулсан, англи-монгол, хятад-монгол, орос-монгол, солонгос-монгол, япон-монгол толь хийхийн тулд хэдэн насныханд ямар толь бүтээж өгвөл хамгийн тохиромжтой вэ гэдэг судалгаа хийх хэрэгтэй байгаа. Одоогоор сангаа бүрдүүлж байна. Үүнийгээ цэгцэлж системчлэх том ажил бий. Өнөөдөр авианы орчуулгын хэрэглээ сайн байгаа учир авиа танилт, хэлсэн үгийг бичиг үсэг хэлбэрт оруулах ажил хийж байгаа. Нэлээд ахицтай яваа. Техникийн хувьд арай жаахан ахисан түвшний зүйл хийхийг зорьж байна.

-Та Монголын уран зохиолын дээжис 108 ботийг цахим хэлбэрт шилжүүлэх ажилд голлож оролцсон хүн. Одоо “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа гэж сонслоо.

-Монголын уран зохиолын сор болсон бүтээлүүдийн дээжис 108 ботийн цахим сан хийсэн. Энэ ажил дээрээ тулгуурлаад “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг цахим хэлбэрт шилжүүлэх гэж байна. Ийм ийм бүтээлүүдэд энэ үгийг ингэж ингэж хэрэглэсэн байна гэж бодитой баримттайгаар жишээ татаж аваад хийвэл хүмүүст маш ойлгомжтой болох юм. Ямар үгсийг ямар үед яаж хэрэглэдэг юм гэсэн баримжаа өгнө гэсэн үг. Мөн хүүхдэд зориулсан толь бичгийг хүүхдийн хамгийн сонгодог бүтээлүүдийг ашиглаж хийж байна.

-Та Монгол киноны талаарх судалгаа хийсэн юм байна. Энэ судалгаа тань хэл шинэлэлтэй бас холбогдох уу?

-Өнгөрсөн жил би Монголын киноны талаарх бага сага судалгаа хийлээ. 1935 оноос 2020 он хүртэл 730 гаруй баримтат кино хийсэн байна. Агуу биш гэж үү. Маш нарийн тодорхой тайлбарлаж архивт хадгалсан хэр нь олны хүртээл нэг их бололгүй үлдсэн олон кино бий. Монголчууд ийм зүйл хийснийг дэлхий мэдэхгүй шүү дээ. 1950 оноос хойш бараг 400 орчим Уран сайхны кино хийсэн байна. Киноноос бид хүмүүс хоорондын харилцаа, үг ярианы утга агуулга, царай төрхний хувирал, дуу авианы өнгө зэргийг нь хүртэл судлан харж байдаг. Тэгэхээр зөвхөн нэг бичвэр судалдаг бус, хэл хэрэглэж байгаа хүнээс монголчууд ямар ямар үгийг ямар үед хэрэглэдэг, ямар үед ямар дохио зангаа хэрэглэдэг, тэр бүү хэл ямар насны хүн ямархуу үг яриа хэрэглэдэг, яаж дохиж зангадаг гэдгийг нь хүртэл сурч судлах боломжтой. Ингэж судлахад кино чухал үүрэгтэй байгаа юм.

-Та докторантын удирдагч багш хийдэг. Хэчнээн шавь бэлдэв?

-2001 оноос докторантын удирдагч багш хийж, 40 орчим докторант бэлдлээ. Би 2014 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ШУА-ийн шилдэг бүтээлийн алтан медаль, 2016 онд “Найрамдал” медаль, 2019 онд “Алтан гадас” одон авсан хүн. Энэ их алдар гавьяаг авсан учраас хийж бүтээлцэх зүйл байгаа бол чадахаараа зүтгэж өгөх ёстой гэж би үнэн сэтгэлээсээ бодож явдаг. Нэг л их гавьяатай хүн гудамжаар яваад байх утгагүй шүү дээ. Би түүнийхээ хариуд ажил хийнэ, сайн шавь бэлдэж өгөх ёстой гэж л бодож явна даа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна