2024/11/24

Өвөрхангай аймгийн иргэд, төрийн албан хаагчдад хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцууллаа

info@inder.mn
2023/09/15

Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүд (2023.09.14) Өвөрхангай аймагт ажиллаж, Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг тус аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран зохион байгууллаа.

Парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхээр 2023 оны тавдугаар сард тус аймагт хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулсан юм.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж,  бие даасан 23 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 140 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц соёрхон батлах 8 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 27 хууль, Улсын Их Хурлын 66 тогтоол, нийт 264 хууль тогтоомж баталсан. Эдгээрээс нийгмийн бодлогын эрх зүйн реформын томоохон алхам болсон Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хуулиудыг баталсан бөгөөд Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдад дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгөх арга хэмжээний чиглүүлэгчээр Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар ажиллаж, Тамгын газрын мэргэжилтнүүд хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиудын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Нийгмийн бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Цогзолбаяр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар зөвлөх Б.Баярмаа нар тус тус дэлгэрэнгүй танилцуулав. Дараа нь иргэд, төрийн албан хаагчид, холбогдох агентлагийн мэргэжилтэн, албан тушаалтнуудын асуултад дэлгэрэнгүй хариулт, тайлбар, мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан Боловсролын ерөнхий /Шинэчилсэн найруулга/ хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Нарантуяа танилцуулав. Боловсролын ерөнхий /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталснаар боловсролын тогтолцоог шинэчилж, заавал танхимд суун боловсрол эзэмшиж байгааг өөрчилж албан, албан бус болон амьдралын орчинд суралцахуйн тогтолцоотой байхаар; багшийн хөгжлийн тасралтгүй үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх; чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургууль биш суралцагчийг дагадаг хувьсах зардлын тогтолцоонд шилжих нөхцөлүүдийг бүрдүүлэх эрх зүйн орчин бий болсон юм. Түүнчлэн сургуулиудын удирдлагын босоо тогтолцоог бий болгож, томилгоонд улстөрчид оролцдог байдлыг халж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын зарчимд нийцүүлсэн.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд ялгаатай хэрэгцээ бүхий суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч боловсролын үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх; танхимын, танхимын бус (зайн, цахим), эдгээрийн хосолсон хэлбэрээр суралцаж болох; хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, мөн нэг хичээлийн жилд суралцагчийн хичээл, сургалтад хамрагдсан байх хоногийг 170-185 (34-37 долоо хоног) байх; ахлах сургуулийг бие даасан хэлбэрээр, төрөлжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн ахлах сургууль сум дундын байж болох; 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулан сургуульд бэлтгэх, хүүхдийн өсөлт, хөгжил, эрүүл мэндийн байдлаас үүдсэн хүндэтгэх шалтгаантай хүүхдийн сургуульд элсэх насыг эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийг харгалзан уян хатан тогтоох, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу бага боловсролыг гэрийн сургалтаар эзэмшиж болох зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн дотуур байранд амьдарч байгаа суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг байх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход чиглэсэн хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаа нь сургуулийн үйл ажиллагааны салшгүй хэсэг байх; дотуур байранд амьдарч байгаа суралцагчид зориулан хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны болон авьяасыг дэмжих хөтөлбөрийг хувьсах зардлаас санхүүжүүлэх; сургуульд суурилсан сурагч бүрийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд давтамжтай хамруулдаг байхаар хуульчилсан байна. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь тухайн суралцагчийн эзэмших боловсролын түвшинд тогтвортой байх, сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батлах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн сургалтын хөтөлбөрийг батлах, сурах бичиг зохиоход олон нийт, багш, эрдэмтэн, судлаач, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, мэргэжлийн холбооны төлөөллөөс санал авах, ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд зориулан сурах бичгийг хөрвүүлэн ашиглах зэрэг зохицуулалтыг хуульд тусган баталжээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын зорилгыг хэрэгжүүлж, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжихэд сургуулийн удирдлага, багш, энэ хуульд заасан бусад бүх тал хамтран ажиллаж, үүрэг хариуцлага хүлээх юм. Эрх зүйн энэхүү шинэчлэлийн хүрээнд боловсролын харилцаанд оролцогч бүх тал суралцагчийн хөгжил, төлөвшилд дэмжлэг үзүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, аливаа дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэхийн төлөө хамтран ажиллахад эерэг үр нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж.

Шинжээч Ж.Нарантуяа үргэлжлүүлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар, чадамжтай хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлага, үр ашигтай санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь дээд боловсролын удирдлага, зохион байгуулалт, сургалт, судалгаа, санхүүжилт, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах Дээд боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Баярмаа танилцууллаа.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байх;  их сургуулийг үйл ажиллагааны онцлогоос хамааран судалгааны, сургалтын, төрөлжсөн гэж ангилж, консерватор болон технологийн коллежийн талаар тодорхой зохицуулалтыг тусгаж Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулахаар тусгажээ. Дээд боловсролын сургалтын байгууллага бүтэц, зохион байгуулалтын бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхой тусгахын зэрэгцээ боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгож, бие даан шийдвэр гаргах зохицуулалтыг тусгасан байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувь хэмжээг тодорхой оруулах; их, дээд сургуулийн багшийн нийгмийн баталгаатай холбоотой орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш ажилтанд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг тухайн байгууллага олгохоор хуульд тусгасан байна.

Элсэлтийн шалгалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах, ур чадварын нэмэлт шалгалтыг тооцох, техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчийг тухайн хөтөлбөрийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт элсүүлэх зохицуулалтыг хуульчилжээ. Суралцагчийн боловсрол эзэмших хэлбэр тодорхой болж, иргэдийн насан туршдаа суралцах боломж, тэдний өмнө нь олж авсан мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг төгссөн дипломыг хүлээн зөвшөөрөх, бүртгэх баталгаажуулахтай холбогдох харилцааг мөн тусгасан байна. Мөн суралцах хугацаа, хөтөлбөр уян хатан болж суралцагч элссэн мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт суралцах хугацаанд бусад мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт давхар суралцаж хос мэргэжил эзэмшиж болох зохицуулалтыг хийсэн юм.

Дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээний бүтээлийн болон оюуны өмчийн нэгдсэн мэдээллийн сан, судалгааны ёс зүйн зөвлөлийг бий болгосноор эрдмийн ажилд оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдлэх, зөрчихгүй байх, зөрчихөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлжээ.

Дээд боловсролын байгууллага нь оюуны өмчийг бүртгүүлэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах бүтцийг бий болгож, их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоог бүрдүүлэх, өөрийн үндсэн бүтцэд эрдэм шинжилгээний хүрээлэн, технологи дамжуулах төв, шинжлэх ухааны парк, технологи, инновацын кластер, туршилт үйлдвэрлэлийн болон эдгээртэй адилтгах нэгжийг бие даан эсхүл хамтран байгуулж болохоор хуульчилсан болохыг Б.Баярмаа зөвлөх өвөрхангайчуудад танилцуулсан.

Хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээнд оролцож буй Өвөрхангай аймгийн иргэд, холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагчид Боловсролын багц хуультай холбогдуулан илтгэгч Ж.Нарантуяа, Б.Баярмаа болон Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдээс сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг Баянхонгор аймгийн иргэд, төрийн албан хаагчдад танилцуулах арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Г.Алтанцэцэг 2023 оны хаврын чуулганаар батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай”, зөвлөх Б.Төгсцэнгэл Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар, зөвлөх Ц.Баянмөнх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар танилцуулж, иргэд, төрийн албан хаагчид, холбогдох агентлагийн албан тушаалтнуудын асуултад хариулж, мэдээлэл өгсөн.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгуулсан бол  есдүгээр сарын 18-ны Даваа гарагт Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна