2024/05/17

ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧЛЭХ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

info@inder.mn
2023/10/02

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд арга хэмжээний 2021-2024 оны төлөвлөгөө”, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Эх барихын тусламж, үйлчилгээнд мөрдөж байгаа эрхзүйн орчинг шинэчлэх хүрээнд санал солилцох уулзалтыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газраас Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.



Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, нярайд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд эх баригчдын оролцоо нэн чухал байдаг. Олон улсад хэвийн төрөлтийг эх баригчид бие даан удирдаж, эх барихуйн тусламжийг багаар үзүүлдэг бөгөөд манай улсын хувьд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эх баригчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” А/216 дугаар тушаалын хүрээнд эх баригчид хэвийн төрөлтийг эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн удирдлага дор удирддаг зохицуулалттай. Цаашид эх баригчийн ажлын байрны тодорхойлолтод гардан хийх тусламж, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх өөрчлөлт оруулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд санал нэгдлээ.



Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоотой уялдуулан жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний зохицуулалтын журам, жагсаалтыг шинэчлэн өөрчлөх ажлыг шуурхай зохион байгуулах нь зөв гэж үзлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна