Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, тухайлбал оюуны бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих зорилготой “Цахим үйлчилгээний ажилтан” шинэ мэргэжлийн ангийг Төв аймгийн Баянчандмань сумын Политехник коллеж дээр хичээллүүлж эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Европын холбооны Төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Адриен Мург, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао, Төв аймгийн Засаг дарга Б.Мөнхбаатар, БШУЯ-ны газрын дарга А.Халиунаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн нарын хүмүүс оролцож, үг хэллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан Мэргэжлийн боловсрол сургалтын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт нийцүүлэн багш суралцагчийн гарын авлагыг Европын Холбооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд боловсруулсан юм
Агентлагийн дарга Ц.Нямсүрэн хэлсэн үгэндээ “Манай улсад оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт тааруу байдаг. Энэ чиглэлд ахиц гаргах шинэ хуудас нээгдэж байна. Бас нэг онцлох зүйл нь Улаанбаатар хотоос гадна Төв аймгийн Баянчандмань суманд, орон нутагт ийм анги нээж байгаад маш их талархаж хүлээж авч байна. Тус шинэ ангийг өөр дээрээ хүлээж авсан Баянчандмань коллежийн хамт олонд агентлагийн зүгээс, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн зүгээс бүхий л талаар дэмжиж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах болно" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна