2024/11/24

БНСУ-д суралцдаг 14 мянган оюутанд зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавилаа

info@inder.mn
2023/12/08

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид БНСУ-д ажиллаж байна.

Энэ үеэрээ тус улсын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ли Жу Хо-той уулзлаа.

БНСУ-д Хятад, Вьетнам, Монгол, Узбекстан улсаас хамгийн олон оюутан суралцдаг байна.

Тус улсын Засгийн газраас 2027 он гэхэд гадаад оюутны тоог 300 мянгад хүргэхээр зорин ажиллаж байна.

Монгол Улсаас Солонгос улсад суралцдаг 14 мянган оюутны тухайд ихэнх нь төлбөрөө бие даан шийдвэрлэдэг. Сурахын зэрэгцээ ажил хийж амьжиргаагаа залгуулдаг оюутан олон байна. Энэ жил 15 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Солонгосын сургуулиудад элссэн. Цаашид тэтгэлэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлгийн сан байгуулах, дээд болон мэргэжлийн боловсролын зэргийг харилцан зөвшөөрдөг болох саналыг тавилаа.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлах үеэрээ тус улсын ерөнхий сайдтай уулзаж Монгол улсад нэн шаардлагатай, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Солонгосын анагаахын чиглэлийн их сургуулиуд, АШУҮИС хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх байдлаар ажиллах боломжтой талаар ярилцлаа. Япон улсад мянган инженер, Германд мянган мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Монгол Улсын тухайд боловсролын салбартаа ойрын хугацаанд 6 том шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Үүний нэг нь цахим шилжилт. Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд БНСУ-тай нягт хамтран ажиллаж дижитал анги байгуулах ажлууд бодит үр дүнтэй үргэлжилж байгаа. Солонгос улс 2025 оноос математик, англи хэл, код бичих хичээлүүдийг хиймэл оюун ухаан ашиглан заах бэлтгэл хангаж байгаа юм. Энэ чиглэлээр болон AI сурах бичиг хөгжүүлэх тэдний туршлагаас судалж хамтран ажиллах талаар санал солилцов.

Ярианы төгсгөлд мөн саяхан үр дүнгээ танилцуулсан PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний талаар мэдээлэл солилцлоо. Монгол улс ДНБ-ий 5 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Энэ нь OECD-ийн орнуудын дунджаас хамаагүй бага хэмжээ боловч цаашид нэмэгдүүлэх, үр ашигтай, оновчтой зарцуулах замаар сурлагын амжилтаа сайжруулахаар зорьж байгаа юм.

Солонгос улсын тухайд PISA-д тэргүүлэгч орнуудын нэг. Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Одоо ч зарим нэг сорилтуудтай тулгарч байгаа гэлээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна