ОХУ-ын Балтын тэнгис дэх түлш экспортлогч боомт өчигдөр Украины дроны бөмбөгдөлтөд өртсөн гэж Оросын тал мэдээлсэн. Бөмбөгдөлтийн улмаас Усть-Луга гэх энэ боомтод гал гарсан тул үйл ажиллагааг нь хэсэгчлэн түр зогсоосон гэж Оросын эрчим хүчний Новотек компани мэдэгдлээ. Усть-Луга боомт нь Санкт-Петербург хотоос баруун зүг 170 км-ийн зайд Финландын буланд оршдог, олон улсын зах зээлд газрын тос, байгалийн хий нийлүүлдэг Оросын голлох боомтуудын нэг юм. Тэгвэл Украины Интерфакс-Украин агентлаг энэ довтолгоог тус улсын аюулгүй байдлын ажиллагааны нэг хэсэг байсан гэж нэрийг нь үл дурдсан эх сурвалжийн мэдээлэл дээр суурилж нийтэлжээ. Усть-Луга нь шингэн бүтэцтэй газрын тосыг хүнд бүтэцтэй керосин, дизель түлш болгож, олон улсын зах зээлд нийлүүлдэг боомт юм байна. Бөмбөгдөлтийн дараа гарсан галын улмаас хэдэн танк хоосорсон, энэ нь олон улсын эрчим хүчний зах зээлд хэр хэмжээний нөлөө үзүүлэхийг одоогоор мэргэжилтнүүд хараахан гаргаагүй гэж мэдээлсэн байна. Ленинград орчмын барилга байгууламж, үйлдвэрүүд өндөржүүлсэн түгшүүрийн дохио асаасан байна. Оросын аюулгүй байдлынхан тус бүс нутагт дайсны дрон дахин үзэгдвэл нэн даруй устгах тушаал хүлээн авсан байгаа гэж бүсийн захиргааны газраас телеграм хуудсаар дамжуулж нийтэлжээ. Энэ довтолгооны талаар Интерфакс-Украин агентлагийн эх сурвалжууд “Усть-Луга түлшний боомт бол дайсны талын маш чухал байгууламжуудын нэг. Тэнд хадгалагдаж, зөөвөрлөгддөг түлшийг олон улсад нийлүүлэхээс гадна Оросын цэргийн хүч ашигладаг. Тус боомтыг амжилттай бөмбөгдсөнөөр эдийн засгийн цохилт өгөхөөс гадна, Оросын батлан хамгаалах салбарын ложистикийг тодорхой хэмжээнд доголдуулж чадлаа гэсэн үг” гэж ярилцлага өгчээ. Энэ цохилтын талаар сурвалжилсан Ройтерс агентлагийн мэдээлснээр хэрвээ Украины талын дрон үнэхээр энэ хохирлыг үүсгэсэн бол Киевийн агаарын хүч, тэр дундаа дотооддоо үйлдвэрлэсэн дроны технологи нь нэлээд хөгжсөн, цаашид Оросын гүн рүү дроноор цохилт өгөх чадавх нь улам өсөн нэмэгдэх магадлалтай гэж мэдээлсэн байна. Усть-Луга дахь цохилтын улмаас одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүй, боомтын ажилчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь хангасан гэж Ленинградын удирдлага мэдээллээ. Украины агаарын хүч Ням гарагт Усть-Луга боомтыг бөмбөгдөөд зогсохгүй ОХУ-ын эзэлсэн Украины Донецк хотын олон хөлийн захыг бөмбөгдөж, 27 хүн амиа алдсан талаар Оросын тал мэдээлж байна.
Кремлээс томилогдсон тус бүсийн удирдлага Денис Пушилин өнөөдөр буюу Даваа гарагт хот даяар гашуудал зарласан байна. Ням гарагийн шөнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ыг Украины 9 мужид 100 гаруй хотыг нэг өдрийн дотор бөмбөгдсөн талаар мэдээлсэн байна. Харин Донецкийн бөмбөгдөлтийн талаар тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. ОХУ-ын гадаад хэргийн яам Донецкийн бөмбөгдөлтийг Украины зэрлэг балмад алан хядах ажиллагаа гэж тодорхойлж байгаагаа илэрхийлсэн байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна