Газын зурваст дайн эхэлснээс хойш 6 дахь сарын босгон дээр Дэлхийн хүнсний хөтөлбөр энэ бүсийн умард хэсэгт амин чухал хүнсний тусламж үзүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгдлээ. Энэ бүсэд дайны гал ширүүн өрнөж байгаагаас хүнс тээвэрлэж байгаа ажилчид ихээр хохирч байна гэдэг үндэслэлээр ийм шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн оны 12-р сараас хойш НҮБ Газын умард хэсэг өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй гэж анхааруулсаар байсан. Тэгвэл НҮБ-ын хүнсний хөтөлбөр эрхэлсэн агентлаг ийнхүү тусламжаа зогсоож байгаа нь энэ бүсийн хүмүүнлэгийн нөхцөл байдал тартагтаа тулж, өлсгөлөн, өвчин тахалд нэрвэгдсэн хүнд байдал руу шууд шилжиж байгаагийн илрэл гэж тус байгууллагын зүгээс мэдээлсэн байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ажилчид өдөр бүр энэ бүсэд мөргөлдөөн, хүчирхийлэл, буудлага, хядлагын гэрч, хохирогч болж байгаа нь энэ байгууллагын шийдвэр хөнгөн хуумгай шийдвэр биш, үндэслэлтэй шийдвэр гэдгийг харуулж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Газын зурвасын умард хэсэг нь энэ бүсийн хамгийн том хот болох Газа хот оршдог, дайнаас өмнө хамгийн их хүн амын төвлөрөл ихтэй бүс байсан. 10-р сарын 7-нд дайн эхэлснээс хойш Израил улс энэ бүсийн 1 сая гаруй иргэнийг өмнөд рүү дүрвэхийг албадан шаардаж, үндсэндээ ихэнх оршин суугчид нь дүрвэсэн байдалтай байгаа. Мөн дэд бүтцийн хувьд умард хэсэг бүхэлдээ сүйдсэн байдалтай байгаа юм.
Хэдийгээр умардын ихэнх оршин суугч Израилын албадан шаардлагын дагуу өмнөд рүү дүрвэсэн ч хэдэн зуун мянган хүн одоо ч дүрвэхээс татгалзаж, дайны гал дүрэлзсэн энэ бүсэд хоргодсон хэвээр байна. Өнгөрөгч 1-р сард НҮБ-ын Палестины дүрвэгчдэд туслах агентлагийн мэдээлснээр Газын умард хэсэгт багадаа 300 мянган хүн хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай амь зууж байна гэсэн мэдээлэл байна. Газын зурвасын умард хэсэгт Хамас бүлгийн гол бааз суурь төвлөрдөг гэж Израилын тал үзэж, гол дайралтаа ийш нь чиглүүлж ирсэн тул энэ бүсэд хүмүүнлэгийн, хоол тэжээлийн тусламж оруулна гэдэг өнгөрсөн хугацаанд маш хүндрэлтэй байсан. Хүмүүнлэгийн тусламжийг Израилын байнгын хяналт доор, маш хязгаарлагдмал хэмжээгээр оруулж байсан юм. Энэ долоо хоногт Дэлхийн хүнсний хөтөлбөрийнхөн долоо хоногийн хугацаатай хүмүүнлэгийн тусламж умард руу нэвтрүүлэх боломжтой болно гэж хүлээж байсан юм. Ойролцоогоор өдөрт 10 ачааны машин тусламж оруулна гэж тооцоолж байсан байна. Гэвч өнгөрсөн Ням гарагт Газын умард бүсийн Вади хотод тусламжийн ачааны машин дөхөж очиход өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс ачааны машиныг бүчиж, дээр нь авирч гарахыг оролдож байсан бол цаашлаад Газа хот руу нэвтрэхэд буудалцаантай таарч, маш хүнд хэцүү нөхцөлд тусламж тээвэрлэх ёстой болсон гэж тус агентлагийн ажилчид мэдээлжээ. Үүн дээр нэмээд Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юунис, төвийн бүсийн Дэйр Аль Балах хотуудад явж байсан тусламжийн хэд хэдэн ачааны машиныг өлсгөлөнд нэрвэгдсэн иргэд тонон дээрэмдэж, жолоочийг нь зодож танхайрсан хэрэг гарчээ.
Газын зурваст иргэд өлсөж, хүчирхийлэл үйлдэх нь нэмэгдлээ гэж Дэлхийн хүнсний байгууллага анхааруулж байна. Энэ үйл явдалтай зэрэгцэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж, Газын зурваст гал түр зогсоох талаар Алжир улсын гаргасан тогтоолын санаачилга дээр санал хураасан. Аюулгүйн Зөвлөлийн 12 гишүүн Алжир улсын тогтоолын төслийг дэмжсэн бол Их Британи улс санал өгөхөөс татгалзаж, АНУ энэ тогтоолыг ээлжит нэг удаагаа хориг тавьж эсэргүүцлээ. АНУ “гал зогсоох” гэдэг үг хэллэгээс аль болох зайлсхийх сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байна. Харин АНУ-ын төлөөлөгчийн гаргасан тогтоолын төсөлд Израилыг Газын зурвасын өмнөд хил дагуух Рафах боомт хотыг дайрч довтлохгүй байхыг анхааруулсан мэдэгдэл багтсан байсан юм. Рафах хотод Газын зурвасын 2 сая гаруй хүн амын 1 сая 500 мянга орчим нь чигжин төвлөрсөн байдалтай байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна