Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай аль болох ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт хийх сонирхлоо илэрхийлсэн талаар Умардын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны дэд дарга Ким Ёо Жон өчигдөр мэдэгджээ. Гэхдээ Умард Солонгос улс Японы ерөнхий сайд хоёр орны харилцаанд саад болж ирсэн хулгайлагдсан иргэдийн асуудлыг сөхөхгүй байх улс төрийн шийдвэр гаргасан тохиолдолд дээд уулзалт болох боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байна. Харин Японы ерөнхий сайд Кишида Умардын мэдэгдлийн талаар мэдэхгүй ч хоёр орны удирдагчид дээд хэмжээнд уулзвал хулгайлагдсан иргэдийн асуудал гээд хүлээгдэж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал гэж мэдэгдсэн байна. Мөн Умард Солонгосын удирдагчийн дүү Ким Ёо Жон Японы ерөнхий сайд санаагаа саяхан өөр сувгаар дамжуулан илэрхийлсэн. Хэрвээ Япон улс хоёр талын харилцаагаа сайжруулж, БНАСАУ-ын ойрын хөршийн хувьд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг туйлаас хүсэж байгаа бол хоёр талын ашиг сонирхолд нийцсэн стратегийн хувилбарын талаар улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл Умард Солонгос болон Японы харилцаанд шинэ хуудас нээх нь Японы засгийн газар улс төрийн шийдвэр гаргах эсэхээс шалтгаална. Умардад хулгайлагдсан гэх Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд дээд хэмжээний уулзалт хийх сонирхолтой бол үүнийг нэр хүндээ өргөх гэсэн оролдлого гэж үзнэ гэдгийг Умардын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны дэд дарга, удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон мэдэгдсэн байна.
Японы засгийн газар 1970-1980-аад оны үед 17 иргэнийг нь Умард Солонгосын тусгай албаныхан хулгайлсан гэж үздэг. 2002 онд Умард Солонгосын одоогийн удирдагчийн эцэг Ким Чен Ир, Японы тухайн үеийн ерөнхий сайд Жуничиро Коизүмитэй дээд хэмжээний уулзалт хийж, тусгай албаныхан нь Японы хэл соёлыг заалгах зорилгоор Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ. Тухайн үед Умард Солонгос Японы тэдгээр 13 хүний 5-ыг нь эх орондоо түр буцахыг зөвшөөрч, үлдсэн 8 хүнийг нас барсан гэж мэдэгдсэн юм. Ингээд өнөөдөр Умард Солонгос улс хулгайлагдсан иргэдийн асуудлыг аль хэдийн шийдвэрлэсэн гэсэн байр суурьтай байдаг. Харин Япон эх орондоо ирсэн таван иргэнээ буцаахаас татгалзаж, тэдний гэр бүлийнхнийг нутаг буцаахыг Умардын талаас шаардсан. Япон улс БНАСАУ-тай дипломат харилцаагүй байгаа юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна