2024/12/21

Газын зурваст гал зогсоох асуудлаарх шинэ шатны хэлэлцээ Египет улсад үргэлжилж байна

info@inder.mn
2024/04/04

Газын зурваст гал зогсоох, барьцааны иргэдийг суллах асуудлаарх шинэ шатны хэлэлцээ Египет улсын нийслэл Каир хотноо үргэлжилж байна.

Энэ удаагийн хэлэлцээнд "Хамас" бүлгийн талаас Газын зурваст дайны галыг бүрмөсөн зогсоох, Израилын зэвсэгт хүчнийг Газын зурвасаас гаргах болон дотооддоо дүрвэсэн палестин иргэдийг Газын зурвасын хойд хэсэг рүү буцахыг зөвшөөрөх гэсэн үндсэн хэд хэдэн нөхцөл шаардлагыг тавьж байна.

Үүнээс өмнө болсон хэлэлцээнд мөн "Хамас"-ын талаас уг шаардлагуудыг тавьсан боловч Изриалын талаас Ерөнхий сайд Биньямин Нетаньяху татгалзсан байр суурь илэрхийлсэн байна.

Одоо Израилын дотоодынх нь хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Израилын дайны үеийн Засгийн газрын хэд хэдэн гишүүдийн хувьд Засгийн газрын тэргүүнийг энэ удаагийн хэлэлцээнд аль болох уян хатан хандаж, асуудалд арай өөр өнцгөөс хандахыг шаардсан байна.

Мөн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг "Хамас"-тай хэрхэн хэлэлцэхээ мэдэхгүй байна гэж шүүмжилсэн байр сууриас хандаж байна.

Шинэ шатны хэлэлцээ үргэлжилж байгаа энэ мэдээлэлтэй зэрэгцээд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг огцрохыг эсэргүүцсэн хэдэн мянган хүний жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд дайн эхэлсэн цагаас хойш Израил төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн.

Гэвч энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал бол Израилын эрх баригчид, дайны үеийн Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн хамгийн өргөн хүрээтэй жагсаал болж байна гэж олон улсад мэдээлж байна.

Одоогоор Израилын бусад хотуудад ч эсэргүүцлийн хөдөлгөөн улам бүр газар авч, оролцогчдын тоо тасралтгүй нэмэгдсээр байна.

Израилын парламентын гадаа 10 гаруй мянган хүн цуглаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгууулж байна.

Жагсагчдын дунд одоо "Хамас"-ын барьцаанд байгаа иргэдийн гэр бүлийн хүмүүс мөн оролцож байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Газын зурваст дайны галыг намжаах, олон улсын дипломат ажиллагаатай зэрэгцээд өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт палестинчуудыг дэмжсэн жагсаал, Вашингтон ДиСи, Лондон, Берлин, Дакар, Милан зэрэг хотод хэдэн сая иргэдийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна