Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Газын зурваст халдсантай холбоотойгоор Израилийн өндөр албан тушаалтан анх удаа огцорчээ. Тодруулбал, Израилийн цэргийн тагнуулын дарга, хошууч генерал Ахарон Халива Даваа гаригт албан тушаалаа хүлээлгэж өгсөн байна. Израилийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагаас болж цэргийн өндөр албан тушаалтан анх удаа огцорч буй нь энэ юм.
Хошууч генерал Ахарон Халива огцрох өргөдөлдөө "Миний удирддаг тагнуулын газар бидэнд даалгасан даалгаврыг биелүүлж чадаагүй. Би тэр хар өдрийг өдөр шөнөгүй сэтгэлдээ тээсээр явна. Би дайны аймшигт зовлонг үүрд үүрсээр явах болно" гэж бичжээ.
Хамасын халдлагын хариуцлагыг хүлээж Халива болон бусад цэргийн удирдагч огцорно гэж олон нийт хүлээж байсан. Гэвч тэд Газын зурваст Хамас бүлэглэлтэй, нутгийн хойд хэсэгт Хезболла бүлэглэлтэй тэмцсээр байгаа тул огцрох хугацаа нь тодорхойгүй байгаа юм. Цаашилбал, сүүлийн өдрүүдэд Ирантай хурцадмал байдалд хүрээд байна.
Израилийн арми олон фронтод өргөн хүрээнд мөргөлдөөнд оролцож байгаа тул ийм чухал цаг үед огцрох нь хариуцлагагүй бөгөөд сул дорой байдлын илрэл гэж зарим шинжээч тайлбарлажээ.
Халдлагын дараахан Ахарон Халива "Израилийн засгийн газар болон армид тагнуулын мэдээ, сэрэмжлүүлгийг хүргэх үүрэгтэй байгууллагыг даргалж буй хүний хувьд халдлагаас урьдчилан сэргийлж чадаагүй" гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг ч бас огцрох шаардлагатай гэж олон нийт үзэх болсон. Тухайлбал, Израилийн сөрөг хүчний удирдагч Яир Лапид хэлэхдээ "Энэ үед огцрох нь үндэслэлтэй бөгөөд нэр төртэй хэрэг. Ерөнхий сайд Нетаньяху ч мөн адил зүйл хийх нь зөв байх" гэжээ. Удахгүй сонгууль явуулахыг шаардсан хөдөлгөөнүүд өрнөсөөр байгаа ч тэрбээр албан тушаалаасаа огцрох мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: GLOBAL NEWS
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна