2025/01/03

Үндсэн хуулийн сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

info@inder.mn
2024/12/31

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. 

Ажлын хэсгийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулах зорилго бүхий эсээ бичлэгийн уралдааныг “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал”, “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн дэд сэдвийн хүрээнд их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан байна.  

Уралдаанд нийт 140 гаруй бүтээл ирсэн бөгөөд сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулж, эхний шатанд ирүүлсэн бүтээлүүдийг санамсаргүй тохиолдлын аргаар хараат бус шүүгч нарын багт хуваарилж шалгаруулжээ. Харин хоёрдугаар шатанд шалгарсан нийт 30 бүтээлийг дахин санамсаргүй тохиолдлын аргаар хуваарилж Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн гишүүдэд хүргүүлж, шилдгүүдийг саяхан тодрууллаа.

“Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн сэдвийн хүрээнд дэх эсээ бичлэгийн уралдаанд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн маркетингийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралгуа тэргүүлж, Санхүү, эдийн засгийн их сургуулийн  эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Анхзаяа, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Э.Баярсайхан нар тус тус удаалжээ. Харин “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал” сэдвийн хүрээнд болсон эсээ бичлэгийн уралдаанд Отгонтэнгэр их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Маргад-Эрдэнэ, нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг, 20 дугаар сургуулийн 11д ангийн сурагч А.Золзаяа нар эхний гурван байрыг эзлэв. Мөн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Ш.Сумъяахүү, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Н.Янжинлхам нар тусгай байрын шагналыг хүртсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна