2025/01/31

ХӨСҮТ-ИЙН АЖИЛТАНУУД БОЛОН ТЭДНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС (ХПВ)-ИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛЖ БАЙНА

info@inder.mn
13 цаг 47 минутын өмнө

Дэлхий дахинд ХПВ-ийн 200 гаруй хэвшинжийг судалж тогтоосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд үтрээ, гадна бэлэг эрхтэн, шодой, ам, залгиур, хошного, умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) зэрэг 6 төрлийн хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг амьсгалын замын үү папилломатоз үүсгэдэг.

ХПВ нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд УХХХ-ын 75% нь ХПВ-ийн 16 болон 18 хэвшинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80% нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг. Хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг бөгөөд ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой. 

Умайн хүзүүний хорт хавдар (УХХХ)-ын өвчлөл Дэлхий дахинд 100,000 хүн тутамд 14,1 тохиолдол бүртгэгддэг бол  Монгол улсад 100,000 хүн тутамд 20,2 тохиолдол бүртгэгдэж байна.  Энэ нь манай улсын УХХХ-ын өвчлөл, нас баралтын түвшинг дэлхий, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад өндөр, Азийн улсууд дундаа Индонез, Мальдив, Мьянмар зэрэг улс орны дараа 4-р байранд орж байна.

Манай улсын хорт хавдрын 2023 оны тайлангаар 425 эмэгтэй УХХХ-аар оношлогдсон нь нийт оношлогдсон хорт хавдрын 4-рт, эмэгтэйчүүдийн дундах хорт хавдруудаас элэгний хавдрын дараа 2-р байранд орж байна. 2023 онд УХХХ-ын улмаас 160 эмэгтэй эндсэн нь 2 өдөр тутамд нэг эмэгтэй нас барж байна гэсэн үг юм.

Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн байна.ХПВ-ийн эсрэг Гардасил (GARDASIL) вакцин нь АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн ХПВ-ийн 6, 11, 16, 18-р хэвшинжийн халдвараас сэргийлэх рекомбинант вакцин ба 1 хүн тунгаар савлагдсан, ДЭМБ-ын чанарын шаардлага болон АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон баталгаатай вакцин юм.

Вакцин нь хүний биед урт хугацаанд үзүүлсэн сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд харин ч олон төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд байдаг. Тухайлбал, АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд УХХХ-ын 16, 18 хэвшинжийн тархалт 66-83 хувь буурч, хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан үр дүнтэй байна.

Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан болсон Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол улс 2024 оноос Үндэсний товлолт дархлаажуулалтад нэвтрүүлж 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж байна.

 

Жил бүрийн 1-р сарыг дэлхий нийтээрээ умайн хүзүүний хавдраас сэргийлэхэд дуу хоолойгоо  нэгтгэх сар болгодог. Энэ аяны хүрээнд ХӨСҮТ- ажилтанууд болон ажилтануудынхаа 11-с дээш настай хүүхдүүдэд зориулсан дархлаажуулалтын өдөрлөгийг зохион байгуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна