2025/01/31

Д.Амарбаясгалан: Баруун бүсэд хөв цөөрөм барих 6,6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан

info@inder.mn
2 цаг 30 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар 2025 оны 01 дүгээр сарын 30-нд Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаж, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа.

Таван нам, эвслийн төлөөлөл бүхий, олон ургалч үзлийг хадгалсан, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг нэгтгэсэн шинэ парламент хүн төвтэй, хүний эрхийг хамгаалсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Тус бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэг байгуулагдаж, хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. “Гурван төгөлдөршил” бодлого хэрэгжсэнээр шинэ тутамд бий болж буй харилцааг хуулиар зохицуулдаг болж, хүний эрхийг хангасан, эрх тэгш нийгэмд амьдрах боломж бүрдүүлнэ гэдгийг тодотголоо.

УИХ-ын намрын чуулганаар 2025 оны төсвийг 2 удаа хэлэлцэж, анх удаа Монгол Улс алдагдалгүй төсөв баталж чадсан. Энэ бол салбар бүрийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд орж ажиллаж, асуудалд олон ургалч үзлээр хандаж буйн хамгийн энгийн жишээ юм. Тиймээс олон нийтийн зүгээс шинэ парламентаас хүлээлт өндөр байгаа гэдгийг УИХ-ын дарга уулзалтын үеэр дурдлаа.

Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ сумын иргэдийн зүгээс сумдын авто замын бүтээн байгуулалтын ажил, Нарансэвстэйн боомт нээх эсэх, хөв цөөрмийн асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Баруун бүсийн иргэд зах зээлд хүрэхийн тулд 1500 км зам туулж байна. Тиймээс алс хязгаарт амьдран суугаа иргэд өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, амьжиргааны түвшнээ нэмэгдүүлэх боломжийг нээхийн тулд авто зам, дэд бүтэц, боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтуудыг ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн сумдыг хатуу хучилттай авто замаар аймгийн төвтэй холбох хүрээнд Алтай-Бургастай боомт чиглэлийн 278 км авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км авто замыг ашиглалтад оруулах хүрээнд зураг төслийн ажлууд дуусаж байгаа” гэлээ. Зураг төслийн ажил дууссаны дараа хөрөнгө оруулалтууд шийдэгдэж, барилгын ажил эхэлнэ. Алтай-Бургастай чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэйгээ авто замаар холбогдох юм” гэв. Түүнчлэн, баруун бүсэд хөв цөөрөм барих 6,6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсантай холбогдуулан Эрдэнэ суманд шуудуу татах ажлын төсвийг УИХ-ын дарга дэмжлээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа “УИХ-аас “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 15-нд байгуулсан. Ажлын хэсгийн гишүүний хувьд Нарансэвстэй боомтын асуудлыг тал бүрийн оролцоотойгоор нарийн хэлэлцэж, тооцоо, судалгаануудад үндэслэж, ажиллана” гэдгээ уулзалтын үеэр тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна