2026/01/07

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахаар тохиролцов

info@inder.mn
Өчигдөр 09 цаг 43 минут

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хархорум хотын Захирагч Л.Халтар, Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат тэргүүтэй Захирагчийн ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хархорум хотын Захирагч Л.Халтар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын байр зүйн нарийвчилсан зураглал, инженер-геологийн судалгаа, инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал зэрэг суурь судалгаа, баримт бичгүүдийг үе шаттайгаар боловсруулж, хэрэгжүүлээд байгааг онцоллоо.

Түүнчлэн Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих чиглэлээр холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, шаардлагатай баримт бичгүүдийг батлуулсан гэв. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд хотын ойн зурвас байгуулах “Нэг сая мод тарих” ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 800 гаруй мянган мод тарьж, Их хаадын цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байна.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Хархорум хот нь түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлал, бүс нутгийн хөгжлийн шинэ төв болох стратегийн ач холбогдолтойг тэмдэглэж, цаашдын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх нэн яаралтай төсөл, арга хэмжээнүүдийг 2026 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулахад анхаарч ажиллахаа онцолсон юм.

Тодруулбал, дараах төслүүдийг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо. Үүнд:

  • “Эртний Хархорум хотын туурийг сэргээх, битүү байгууламжтай ил музей байгуулах” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах,
  • “Хөдөө аж ахуйн кластер” байгуулах ТЭЗҮ боловсруулах,
  • “Хог хаягдлыг ангилан боловсруулах үйлдвэр” байгуулах ТЭЗҮ боловсруулах,
  • “Хархорум хотын олон улсын нисэх онгоцны буудал”-ын ТЭЗҮ, барилгажилтын төсөл, аэродромын ажлын зураг, төсөв боловсруулах.

Уулзалтын төгсгөлд талууд Хархорум хотын хөгжлийг урт хугацаанд тогтвортой, уялдаа холбоотой төлөвлөж, түүх, соёлын өвийг хамгаалсан, орчин үеийн хотын жишиг загварыг бий болгоход бүх түвшинд хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна