Г.Занданшатарын Засгийн газар барцад ихтэй, хэл ам хэрүүл тэмцлийн ном уншуулахгүй бол их л хэцүүхэн байх шиг. Еөк болон Үндсэн хуулийн цэцийн дэмжлэгээр тэсэж үлдсэн ч хамгийн анхны алдаа нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар генерал Ж.Болдыг томилсон шийдвэр гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нутаг нэг, хамгийн ойрын хүн гэгддэг генерал Ж.Болд гэж ингэхэд хэн бэ?
2017 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж удалгүй Ж.Болд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдсон. Улмаар шууд төв рүү татагдан 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020-2023 онд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч болж байлаа. Товчхондоо түүний намтрыг харахад У.Хүрэлсүхийг эрх мэдэлд хүрэхтэй зэрэгцээд албан тушаал дэвшсээр ирсэн байдаг. 2021 оны долдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Болдод цэргийн дээд цол буюу хошууч генерал цол хүртээсэн нь ч үүнийг нотлох нэг баримт юм.
Эцэст нь Ерөнхийлөгчийн фракцынхан Г.Занданшатарын Засгийн газарт “эзэн” сууж буй энэ үед ЦЕГ-ын даргаар Ж.Болд томилогдлоо. Түүний талаар яригддаг өөр нэг асуудал нь ЦЕГ-ын дарга байхдаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж, эвлэлдэн нэгдэж жагссан залуусыг хүчээр цагдан хорьж, торгосон үйл явдлууд. Нэг жишээ дурдахад, 2023 онд “Ж.Болд огцор” хэмээн сошиалд пост оруулсан Б.Билгүүнд эрүүгийн хэрэг үүсгэж байсан нь тухайн үедээ массын дургүйцлийг төрүүлсэн.
Бас нэг баримт. Өмгөөлөгчгүй ялладаг, мөрдөн байцаагч зохиол бичдэг, хүний эрхийг хөсөрдүүлдэг гэгдсэн 1964 оны эрүүгийн байцаан шийтгэх хуулийг Монголын хөрсөнд тохирно хэмээн дүгнэсэн нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг хүлээж байв.
Генерал Ж.Болдыг “Жонхуугийн хүн” гэлцдэг бөгөөд ямар ч гэсэн “Женко тур бюро”-д багагүй хувьцаа эзэмшдэг. Сүүлд “Томчуудын хүүхдийн зодоон” гэж нэрлэгдсэн хэргийн газарт Ж.Болдын хүү байсан. Гэхдээ генералын хүүгийн нэр тэгсгээд замхарсан.
Ийнхүү аалзны тор мэт хэрсэн албан тушаалын томилгоо энэ засгийн хувь заяаг эвгүйтүүлэх эрсдэл энд тэндгүй…Утасны үзүүрээс татахад бүгд хөвөрнө..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.138
Аймар
Хариулах